ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙГ ХОЛБОСОН “ГОВИЙН ХИЛЧДИЙН ЖАВХАА-2019”
  • 11:21
  • 108
“Говийн хилчдийн жавхаа-2019” нэгдсэн арга хэмжээ Дорноговь аймгийн Сайншанд суманд эхлэв.

Хилийн 0129 дүгээр анги. Дэд ахлагч Н.БУЯНЖАРГАЛ

Дорнын шаргал говьд намрын сүүл сар налайн байна. Ийм нэгэн налгар өглөө “Говийн хилчдийн жавхаа-2019” нэгдсэн арга хэмжээ Дорноговь аймгийн Сайншанд суманд эхлэв. Үйл ажиллагаанд бэлтгэн талбайн төв хэсэгт хүндэтгэлийн тайзыг засаж, урд хэсгээр нь цагаан асруудыг зэрэгцүүлэн байрлуулжээ. Тайзан дээр Дорноговь аймгийн хилийн гурван ангийн танилцуулга, шторк ээлжлэн гарна. Нээлтийн үйл ажиллагаанд БНМАУ-ын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт Хилийн 0129 дүгээр анги, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0108 дугаар анги, Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин, хурандаа Э.Халтарын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн 0168 дугаар анги, ХЦДБЧ-ын уран бүтээлчид болон Сайншанд суманд оршин сууж буй гавьяаныхаа амралтад гарсан ахмад хилчдийн төлөөлөл оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь орчин цагийн хил хамгаалах албыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил, үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх, боловсрол, оюун санаа, бие бялдрыг хөгжүүлэх, Хилийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй нь энэ билээ. 

Дөрвөн замын уулзвараас хөгжимтэй парадаар алхаж эхэлсэн хилчдийн жагсаал төв талбайд орж ирснээр ёслолын ажиллагаа эхэлсэн юм. Арга хэмжээг нээж Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн академийн гишүүн, дэслэгч генерал Ш.Арвай, Дорноговийн хилийн төлөөлөгч, Хилийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Батбаяр нар хүрэлцэн ирсэн алба хаагчид, зочид төлөөлөгчдөд амжилт хүсэж үг хэлэв. 

ХИЛЧДИЙН ГУРВАН ҮЕИЙН ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ

Нээлтийн үйл ажиллагааны дараа “Соёмбо” цогцолборт болсон гурван үеийн уулзалтад оролцохоор ирсэн ахмад хилчдийг сурагчид угтаж, сарнай цэцэг бэлэглэн хүндэтгэлийн танхим руу зална. Хилчдийн гурван үеийн хүндэтгэлийн уулзалт, арга хэмжээнд оролцохоор ногоон хувцсаа өмсч, энгэр дүүрэн одон медалиа гялалзуулсаар ахмад хилчид ч баяр хөөр дүүрэн цугларчээ.

Уулзалтад ахмад хилчдээс гадна Дорноговь аймгийн МСҮТ-ийн оюутнууд, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид гэсэн гурван үеийн 100 гаруй төлөөлөл хүрэлцэн иржээ. Дэслэгч генерал Ш.Арвай өөрийн ажил амьдрал, цэргийн алба хаахын ач тус, Монгол Улсын тусгаар тогтнолын талаар тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлэв. Тэрбээр хүүхэд залуусыг цэргийн алба хаахыг уриалж, хилийн алба хүнийг эр хүн болгодог юм гэдгийг онцлон үнэт сургаалаа хайрлав. Сурагчид эрхэм генералаас асуулт асууж, харилцан ярилцсан юм.

ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хүүхэд залуучуудад эх оронч үзэл, ёс зүй, ухамсрыг төлөвшүүлэх бас нэгэн арга хэмжээ “Саран хөхөө” театрт боллоо. Театрт хил хамгаалалтын техник хэрэгслүүдийг байрлуулж, хилийн манааг хүртэл томилжээ. Аймгийн удирдлагууд болон хилийн төлөөлөгчид орж ирэхэд хилийн манаа Дорноговийн хилчдийг төлөөлөн "Монгол Улсын хил тайван байна" гэж илтгэл өглөө. Мөн энэ хэсэгт хүүхэд багачууд, хүндэт зочид дурсгалын зураг татуулах нь тэдний сонирхлыг ихэд татаж байгааг гэрчилж байсан юм. Энэ өдөр “Саран хөхөө” театрт Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим эрэгтэй сурагчид цуглажээ. Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Г.Энхтүвшин үг хэлэв. Сурагчдад хандан дэслэгч генерал Ш.Арвай улсын хил улс орон оршин тогтнохын үндэс болох, хүүхэд залуус та нар нийгмийн, улс орны ирээдүй болох талаар яриа хийж, үнэт зөвлөгөөгөө хайрласан юм. Энэ өдрийн бас нэгэн онцлогт үйл явдал нь эрхэм генерал өөрийн хэрэглэж байсан цүнхийг аймгийн музейд дурсгал болгон хадгалуулсан явдал юм. Тэрбээр, ”Ээж минь энэ цүнхийг надад 1947 онд өөрийн гараар урлаж бэлэглэсэн юм. Энэ цүнхийг үүрч би эрдэм номын мөрийг хөөж байлаа. Миний судалгаа шинжилгээний ажил хийх, амжилттай суралцах болсон нь энэ цүнхтэй холбоотой гэж билэгшээж явдаг. Өөрийн нандин зүйлээ төрсөн нутгийнхаа музейд хадгалуулах болсондоо баяртай байна” гэв. Ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр гэргий, гавьяат багш Б.Даваасүрэнгээ тайзан дээр урин, өөрөө баян хуур хөгжим тоглож, гэргий нь дуулан үзэгч, зочдод бэлэг барин муугүй хөгжимчин, дуучин гэдгээ харуулсан юм. Үүний дараа Хилийн 0129 дүгээр ангийн захирагчийн орлогч, СМСС-ны албаны дарга, дэд хурандаа Н.Бумцэнд “Эх орон” сэдвээр илтгэл тавьж, сурагчдад сурлага, хөдөлмөрийн амжилт хүсэв. Тус арга хэмжээнд хамрагдсан хүүхдүүдэд хилийн ангиудын төлөөлөл, ХХБ, гэрээт хилчний албаны танилцуулга, гарын авлага тарааж “Байтаг богд” киног үзүүлснээр уг үйл ажиллагаа өндөрлөлөө. 

“ГОВИЙН ХИЛЧДИЙН ЖАВХАА-2019” НЭГДСЭН ӨДӨРЛӨГ 

Аймгийн төв талбайд хил хамгаалах алба үйл ажиллагааг сурталчилсан танилцуулга, гарын авлага, техник хэрэгслийн үзэсгэлэн, хилчдийн хийж бүтээсэн гар урлалын бүтээлүүд, бэлэг дурсгалын зүйлүүд, хил хамгаалалтад ашиглах зорилгоор мөн хилчдийн бүтээсэн эмээл, тохош, хазаар зэргийг дэлгэжээ. Иргэд уг үзэсгэлэнг сонирхон, зэвсэг галт хэрэгслийн талаар алба хаагчдаас мэдээлэл авч байлаа. Хилийн 0168 дугаар ангийн хамт олон хил хамгаалалтад өмсөж хэрэглэдэг бүх төрлийн хувцас хэрэглэлийг ард иргэдэд танилцуулан, тус ангийн гэрээт хилчид жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхууллаа. Үзэсгэлэнг сонирхож байсан Сайншанд сумын I сургуулийн багш Б.Цэвэлмаа, “Цэргийн дүрэмт хувцас тухайн байгууллагын онцлог, хэв шинжийг илэрхийлэхээс гадна, сүр жавхлантай, эрэлхэг харагдуулдаг юм байна. Хилийн цэргийн хувцас их олон төрөл байдгийг олж харлаа. Ялангуяа өнгөлөн далдлалтын хувцас их сонин санагдлаа. Байгаль цаг уур, газар нутгийнхаа онцлогт тохируулан өмсөж хэрэглэдэг юм байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Үүний дараа Хилийн 0129 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хилийн алба үйл ажиллагааг сурталчилсан гардан тулааны үзүүлэх тоглолт, тусгай томилгоот бүлгийн үзүүлэх тоглолт, Хилийн 0108 дугаар анги албаны нохойтой үзүүлэх тоглолтуудаар үзэгчдийг гайхшруулсан юм. Мөн өсвөрийн сурагчдын цэрэгжилт спортын “Дөл” цогцолбор тэмцээний улсын аваргын мөнгө, говийн бүсийн хүрэл медальт Зүүнбаян сумын ЕБС-ийн сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт үзүүллээ. Үргэлжлүүлэн анги хамт олноо манлайлан ажилласан тэргүүний алба хаагчдад Дорноговь аймгийн Засаг дарга шагнал гардуулав. Дорноговь аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Хилийн 0129 дүгээр ангийн дэд хурандаа Я.Түвшинбаатар, Хилийн 0168 дугаар ангийн дэд хурандаа Э.Доржбадам, Хилийн 0108 дугаар ангийн ахлах дэслэгч Ж.Хэнмэдэх нар, мөн аймгийн "Засаг даргын өргөмжлөл"-өөр Хилийн 0129 дүгээр ангийн 0250 дугаар салбарын дэслэгч С.Сумъяабазар, Хилийн 0129 дүгээр ангийн 0139 дүгээр салбарын ахлагч Э.Шаарийбуу, Хилийн 0168 дугаар ангийн дэд хурандаа Г.Даваатогтох, ахлах ахлагч Д.Болормаа, Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Э.Содномбалжир, ахмад Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүс шагнагдав. 

Хилийн ангиудад ажиллаж байсан Хилийн 0168 дугаар ангийн ахмад хилчин, бэлтгэл ахлах ахлагч Цэнд-Аюуш, Хилийн 0129 дүгээр ангийн ахмад хилчин П.Ганхуяг, Хилийн 0108 дугаар ангийн Ц.Чимэд нарт ангиудаас нь эмчилгээний зардалд зориулан тус бүр 500 мянган төгрөгийн  мөнгөн тусламж үзүүлсэн юм. Уригдан ирсэн зочид төлөөлөгчид, алба хаагчидтай дурсгалын зураг татуулж ХЦДБЧ-ын уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилуулснаар  “Говийн хилчдийн жавхаа-2019” нэгдсэн арга албан ёсоор өндөрлөсөн билээ.