ЭРДМИЙН ИХ ӨРГӨӨ ХИЛЧДИЙН БУЛАНТАЙ БОЛЛОО
  • 09:03
  • 2378
Сурагчдад Хил хамгаалах байгууллага, хилчдийн алба, үйл ажиллагааг таниулан сурталчилж, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий энэхүү булангийн хойморт Хилийн цэргээс төрсөн 14 баатрын намтар, байгуулсан алдар гавьяаг дурсан залахын зэрэгцээ байгууллагын түүхэн замналыг танилцуулсан самбар байршуулж, хилийн хүндэтгэлийн багана босгосон юм.

Ахлах дэслэгч Б.ХИШИГЖАРГАЛ

Хилийн 0243 дугаар ангийн хилийн 0236 дугаар салбарын хамт олон санаачлан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуульд хилчдийн булан байгуулж нээлтийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Сурагчдад Хил хамгаалах байгууллага, хилчдийн алба, үйл ажиллагааг таниулан сурталчилж, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий энэхүү булангийн хойморт Хилийн цэргээс төрсөн 14 баатрын намтар, байгуулсан алдар гавьяаг дурсан залахын зэрэгцээ байгууллагын түүхэн замналыг танилцуулсан самбар байршуулж, хилийн хүндэтгэлийн багана босгосон юм. Нээлтийн арга хэмжээнд Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Эрдэнэбат, сургуулийн захирал Д.Мөнхнаран, Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн гишүүд, Хилийн 0236 дугаар салбарын төлөөлөл, ахмад хилчид болон сургуулийн сурагчид оролцлоо. Салбарын захирагч, хошууч Б.Наранбаатар арга хэмжээг нээж үг хэлсний дараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Эрдэнэбат урмын үгээр мялаалга өргөсөн юм. Сургуулийн захирал Т.Мөнхнаран сурагчдад хил, хилчдийн тухай ойлголт өгч эх оронч үзлийг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой булан байгуулж өгсөн салбарынханд талархаж, цаашид олон ажилд хамтран ажиллахыг хүсч байгаагаа мөн илэрхийлэв.

Тус салбарын анхны жагсаалын дарга, салбарын 14 жилийн түүхийг бүтээлцсэн ахмад хилчин, ахлах дэслэгч Г.Нанзадсүрэн хилчдээ төлөөлөн залуу үе, хойч ирээдүйд өөрийн туршлагаас хуваалцан сургаал хайрлаж, хилчний охин 10а ангийн сурагч Э.Чинхүслэн сурагчдаа төлөөлөн салбарын ах эгч нартаа баярласан сэтгэгдлээ илэрхийлж, ажилд нь амжилт хүслээ. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод зориулан харуулын дарга, ахлах ахлагч А.Эрдэнэбаяр “Баярын жагсаал” дуугаар мэндчилгээ дэвшүүлж, тус сургуулийн төлөөлөл сурагчид хамтдаа түрэн дуулсан нь хэн бүхнийг хөгжөөж, үйл ажиллагаанд улам сүр нэмж байв. Мөн сургуулийн 12а ангийнхан “Эх орны хил тайван байна” найрал дуу дуулж хилчдэд гэнэтийн бэлэг барьсан нь хүн бүрийн бахархлыг төрүүлсэн билээ. Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдийг салбарын бүсгүйчүүд өөрсдийн бэлтгэсэн идээ ундаагаар дайлж, Сэлэнгэ аймгийн “Миний Монгол” телевизээс сурвалжлага хийж, энэхүү арга хэмжээг орон даяар  сурталчилсан юм.