ШИНЭ ДҮР ТӨРХИЙН ЭРЭЛД
  • 13:10
  • 2771
Хүн төрөлхтөн түүхэн цаг хугацааныхаа нэгэн хуудсыг нээлээ. Бидний өмнө 2020 оны 365 хоног зурайна. Өнөөдөр эхэлж байгаа юм шиг хэрнээ харвасан сум адил улиран одох цаг хугацааны хэмжүүр эргэлдсээр нэг л мэдэхэд 2021 он биднээс үр дүнг асуун зогсдог жамтай.

Дэслэгч М.Уранбайгаль

Хүн төрөлхтөн түүхэн цаг хугацааныхаа нэгэн хуудсыг нээлээ. Бидний өмнө 2020 оны 365 хоног зурайна. Өнөөдөр эхэлж байгаа юм шиг хэрнээ харвасан сум адил улиран одох цаг хугацааны хэмжүүр эргэлдсээр нэг л мэдэхэд 2021 он биднээс үр дүнг асуун зогсдог жамтай. Тиймээс сар, өдөр, цаг, минут, секунд бүртэй уралдан ажиллах өдрүүд эхэлсэн шүү гэдгийг энэхүү сурвалжлагаараа сануулъя. 

Хилчдийн хувьд бүтэн жилийн турш хаашаа чиглэн алхах, зарим үед хэр хурдтайгаар салхи сөрөн гүйхээ хэдийнэ төлөвлөсөн гэж болно. Учир нь Хил хамгаалах байгууллага 2020 онд “Шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрхийг бий болгоно” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Оны эхний өдөр хилчдийн шинэ дүр төрх ямар байхыг сурвалжлахаар наран ургах Дорнод нутгийг билэгшээн хоёр есийн жаврыг үл ажран аяны жолоог залсан юм. Очих газрын багцааг тооцон өглөө эртлэн тендэрийн унаагаар гарсан бид үдшийн бүрийтэй зэрэгцэн зорьсон газраа хүрэв. Хилчид Хилийн тухай хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ ямар дүр төрхтэй байх нь сонин. Яг өнөөдрийн байгаа нөхцөлдөө сэтгэл ханаад зогсох уу, илүү ихийг сэтгэн хийх үү, эсвэл бүр өмнөх үе рүүгээ буцах уу гэх асуултын хариуг Хилийн 0132 дугаар ангийн хилчдээсээ юун түрүүнд эрэв. Уг асуултын хариуг гаргахын тулд ердөө 30 жилийн өмнөх Монгол Улсын хилийн нөхцөл байдлыг эргэн саная. 1990 онд хоёр туйлт ертөнц задран унаж Монгол Улс чөлөөт ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэн. Социалист систем задрахад ОХУ-тай найрамдлын гэгдэх хилийн бичигдээгүй гэрээг цуцалж, хөрш улсын хувиар хил хамгаалалтыг зохион байгуулж эхэлсэн. Харин бидний номер нэг дайсан гэгдэж байсан өмнөд хөрштэйгөө стратегийн түншлэл хийх хэмжээнд хүрсэн гэж болно. Гэхдээ хилийн нөхцөл байдал энэ цаг үед амаргүй байсныг 1990-2011 он хүртэлх архивын баримтаас харж, ахмад хилчдийн ярианаас сонсож болно. Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хилийн хэсгээр автомашины наймаа цэцэглэж хилчид өдөр шөнөгүй хөөцөлддөг байсан талаар тухайн үед Хилийн 0132 дугаар ангийг удирдаж явсан хурандаа Х.Доржсүрэн, Г.Цогмандал нар ярьж байсныг тод санаж байна. Нийгмийн энэ хүнд хэцүү цаг үед хөөрхий үүрэгтээ үнэнч үлдсэн хэдэн бор хилчид өнөөх машины наймаачидтай үзнэ. Гэвч уг үйлдлийг нь буруутгах хууль эрх зүйн орчин байгаагүй юм. Спиртийн наймаа ч мөн адил энэ хилийн хэсгээр гардаг. Хилчдийн хараа хяналтаас гарсан тийм л хүндхэн он жилүүд ердөө гучхан жилийн өмнө Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт өнгөрсөн билээ. Гэхдээ хилчид хилээр гарч буй хууль бус үйлдэлтэй удаа дараа тэмцэж байсныг 1995 онд явуулсан “Зурвас” ажиллагаа харуулдаг. Яг ийм хүндхэн дүр төрхтэй байсан хилийн хэсэг өнөөдөр эзэнтэй болжээ. Үүгээр хэн дуртай нь хил давж, хууль бус зүйл наймаалцаж чадахгүй. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу, хилчдийн хяналтан доор явагддаг гэж болно. Өнгөрсөн үеийн энэ бодит баримт бидэнд цаг хугацааг буцааж үл болно гэх хариултыг өгч байна. Тэгвэл хилчид өнөөдөр ямар дүр төрхтэйгөөр маргааш хаашаа алхахыг хамтдаа харцгаая.

Хатанд байсан бүхэн Дорнодод бий

Хилчдийн ажиллаж, амьдрах орчин ямар байх ёстойг өнгөрсөн оны сүүлээр болсон удирдах ажилтны цугларалт хилийн ангийн захирагч нарт харуулсан. Шинэ уурын зуух, хөргүүр, хүнсний агуулах, албаны өрөө тасалгаа, сонголтын хоол гээд удирдлагын зүгээс жигдлэх ёстой шүү гэсэн бүхэн Хилийн 0132 дугаар ангийн хөрсөн дээр хэдийнэ буужээ. Хилчид ч алба, үйл ажиллагаандаа сэтгэл тэнэгэр байгаа нь ангийн төвийн бүрэлдэхүүнээс илт харагдана. Ангийн захирагч, хурандаа О.Батгэрэл ирсэн хэрэг зоригийг минь сонссон даруйдаа хил дээр суугаа хилчидтэй уулзахыг зөвлөв. Хурандаагийн зөвлөгөө ёсоор шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрхийг хайх эрэл “Хавирга” автозамын шалган нэвтрүүлэх боомт руу хөтлөв.  

Идэр ес тачигнасан энэ цагт Дорнодын их талд цасан шамарга нүүр нүдгүй балбах болов уу гэж эмээсээр замдаа гарав. Гэтэл аймгаас гарах төдийд цас ханзарч, яг л хаврын урь ороо юу даа гэмээр шаргал тал тосон хөвөрсөн юм. Жаргах нартай уралдан бидний төмөр хүлэг хурдална. Үдшийн бүрийгээс урьтахаар яарсан нь ч учиртай. “Хавирга” авто замын шалган нэвтрүүлэх боомт хаахаас өмнө үйл ажиллагаатай нь танилцахаар зорьсон нь энэ билээ. 

1992 онд түр ажиллагааны горимтойгоор нээгдэж байсан тус боомт 2015 оноос байнгын ажиллагаатай болсон байна. Жилээс жилд боомтоор зорчигч иргэд болоод тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Боомтын ачаалал нэмэгдэхтэй зэрэгцэн зөрчлийн тоо өсч байгаа дүн мэдээ гарчээ. Гэхдээ хилчин шалгагч нар маань үүргээ зохих түвшинд гүйцэтгэж буй талаар замын хөтөчөөр томилогдсон дэд хурандаа Ж.Баатарцогт хэлэв. 

Хилийн зүг хөтлөх зам торох саадгүй хөвөрсөөр боомтод хүрлээ. Хилийн боомт ийм байх ёстой гэх дүр зураг нүдэнд буув. Боомтын үйл ажиллагаа ямар цагийн хуваарийн дагуу хэрхэн явагддаг, хилчид хилээ яаж хамгаалж байгаа талаарх мэдээллийг боомтын дарга, ахмад Ц.Цэндбаяр танилцуулсан юм. Хилийн шалган нэвтрүүлэх албанд чигийн болон хөдөлгөөн мэдрэгч камер зэрэг техникийн олон дэвшлийг ашиглаж байгаа аж. Хил хамгаалалтын арга хэлбэр нь өөрөө нууцын зэрэгтэй тул илүүг нуршилгүй энд хүргэе. Хамгийн гол нь хилчид хил хамгаалалтад инновацийг нэвтрүүлээд түүнийхээ үр дүнг үзээд эхэлчихсэн байна. Энэ чинь бидний хайж буй хилчдийн шинэ дүр төрхийн нэг хэсэг билээ. 

Дулаахан орчинд хүн бүхэн татагддаг

Хошууч генерал Ц.Сэргэлэн “Дулаахан орчинд хүн бүхэн татагддаг. Тэндээ уягддаг” талаар хэлж байсан. Үнэхээр тийм аж. “Хавирга” хилийн шалган нэвтрүүлэх боомт 2019 оны аравдугаар сард гэрээт хилчний албанд бүрэн шилжжээ. Гэрээтийн албанд шилжихийн тулд эхний ээлжинд орчин нөхцлийг нь бүрдүүлэх үүднээс гэрээт хилчдийн байрлах байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Үүдээр нь ормогц улаан хивс дэвсэж, өрөө тасалгааг маш сайхан тохижуулж өгсөн байх юм. Соёл амралтын тасалгааны хананд тэргүүний хилчид болохыг нь баталсан өргөмжлөлүүд ярайна. Боомтын хилчдийн амжилтаас сорчилбал хилийн боомтын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий тусгай томилгоот бүлгийн сургалтад оролцогсдын дунд явуулсан “Буудлага”-ын аварга шалгаруулах тэмцээнд “Тэргүүн байр”, 30 км-ын маршид “Дэд байр” эзэлсэн өргөмжлөл харагдана. Мөн ахмад Ц.Цэндбаяр ангийн “Тэргүүний удирдах ажилтан” номинацийн “Дэд” байрт шалгарсан байх юм. Энэ бүхэн тэднийг тэргүүн оргилын төлөө тэмүүлж явааг гэрчилнэ. 

Боомтын дарга, ахмад Ц.Цэндбаярын хувьд 2012 оноос хойш тус хилийн боомтод ажиллажээ. Боомтын ачаалал 6-9 сард дээд цэгтээ хүрдэг талаар ярив. Хилийн цаана БНХАУ-ын Ар хашаат сум хил залгадаг байна. Манай улсын иргэд арилжаа наймаа хийх, Манжуур луу аяллаар явах нь элбэг гэнэ. Хилчид 2017 онд шалган нэвтрүүлэх албыг гадаадын иргэн харьяатын албанаас буцааж авах үед орох, гарах чиглэлд ганцхан кабинтай үүрэг гүйцэтгэдэг байсныг найм болгон өргөжүүлэн төхөөрөмжилжээ. Ингэснээр нэг зорчигчийг 3-4 минутад шалгадаг байсныг 20-30 секунд болгож хүчин чадлыг нь дөрөв дахин нэмэгдүүлсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд хилийн хяналтын байгууллагын алба хаагчидтай хамтран “Хүн малын гоц халдварт өвчин үүссэн үеийн ажиллагаа”, БНХАУ-ын “Ар хашаат” хилийн боомтын бүрэлдэхүүнтэй хамтран “Авто машин барьцаалсан үеийн ажиллагааг таслан зогсоох нь” сэдвээр дадлага сургуулийг амжилттай зохион байгуулжээ. Уг дадлага сургуулийн үеэр боомтын тусгай томилгоот бүлгийн бүрэлдэхүүн ямар ур чадвартай болохыг батлан харуулсан. Гэхдээ зөвхөн тусгай томилгоот бүлгийн бүрэлдэхүүн гэлтгүй боомтод ажиллаж байгаа бүх хилчид яг ижил түвшинд үүрэг гүйцэтгэдэг талаар хэлсэн нь өнөөх бидний хайж буй шинэ дүр төрхийн бас нэгэн хэсэг байсан билээ. 

Залуу хүн зорилготой байхад урагшилдаг зарчмын дагуу 2020 ондоо боомтын бүрэлдэхүүн байгууллагын зорилтын хүрээнд төгс төгөлдөржсөн шинэ үеийн хилчний дүр төрхийг бүтээхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.  

Бид офицер болно

Хилийн боомтын журмыг мөрдүүлэх албанд гэрээт хилчид гурав дахь сардаа үүрэг гүйцэтгэж байна. Албанд ахиц гарсан. Гэрээт хилчдийн хувьд ч сэтгэл өндөр байгаа талаар боомтын дарга танилцуулав. Тиймээс тус боомтын бас нэгэн дүр төрх болсон гэрээтүүдтэй уулзсан юм. Гэрээт хилчин, ахлах байлдагч Б.Мөнх-Эрдэнэ, дэд түрүүч Г.Хүсэлбаяр, байлдагч Г.Баттулга нарын өрөөгөөр зочлов. Тэдний хувьд Хилийн 0306, 0198 дугаар ангид хугацаат цэргийн албыг хаагаад гэрээт хилчин болжээ. Дэд түрүүч Г.Хүсэлбаяр өмнө нь хоёр жилийн хугацаанд Хилийн 0275 дугаар ангид гэрээтээр алба хаасан туршлагатай хилчин. Бүгд л алба хаах нөхцөл сайн байгаа талаар ярив. Шинэ байр нь дулаахан, тогооч эгч сонголтын хоолоор үйлчилж байгаа талаар магтана. Алба нь залууст таалагдаж, ирээдүй нь гэрэлтэй харагдаж байгааг хэлээд бүгд л офицер болох хүсэл тээж, түүндээ хүрэхээр хичээж яваагаа сурвалжлагч надад өгүүлсэн юм. Манай гурав ёстой илэн далангүй, алба, амьдралынхаа сонин сайхнаас хуучлан бүр өрөөндөө обход хийлгэсэн. Хувцасны шүүгээ, сейфээ онгойлгон үзүүлж хуримтлуулсан мөнгөө хүртэл шалгуулсан гээд бод доо. Гэрээтийн албанд үүрэг гүйцэтгэж буй залуусын төлөөлөл цог хийморьтой байна. Өмнөх зам нь дурайж, хүсэл мөрөөдөл нь ирээдүй рүү хөтөлсөн байхад алзахгүй юм билээ.

Хариуцлага атгасан хилчин шалгагч 

Боомтод ажиллах үеэр СМССА-ны дарга, дэд хурандаа Н.Наранцэцэг, хилийн боомтын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт нар шинээр дардас гардаж буй ахлах дэслэгч А.Наранзул, дэслэгч А.Ганбаяр, Б.Оюунбат нарт шалгагчийн цүнхийг нь гардуулан өгөв. Шинэхэн шалгагч нартаа бид баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд баримтжуулах үүргийг давхар гүйцэтгэсэн юм.  Баримт бичгийн шалгагч, орчуулагч, ахлах дэслэгч А.Наранзулын хувьд 2013 онд ХХБ-д хилийн албаны орчуулагч сонгон шалгаруулж авахад Хилийн 0198 дугаар ангид томилогдон очсон байна. 

БНХАУ-ын Хайлаар хотод хятад хэлний дамжаанд сурч, Отгонтэнгэр их сургуулийг багш орчуулагч мэргэжлээр төгссөн бүсгүйд хилийн албанаас няцах үе байсан ч одоо энэ албандаа дассан байна. Тэрбээр хятад хэлний мэдлэгээ ахиулахаар өөрийн хүслээр шалгагч болж байгаа гэнэ. Дэслэгч Б.Оюунбатын хувьд боомтод СМССЭО-оор ажилладаг. Давхар шалгагч болж байгаа юм. Харин дэслэгч А.Ганбаяр ШУТИС-ийн Уул уурхай, инженерийн сургуулийг төгссөн байна. 2015 онд хугацаат цэргийн албыг Хилийн 0132 дугаар ангид хаагаад үргэлжлүүлэн гэрээт хилчнээр алба хааж байхад нь Хилийн цэргийн командлагч тус ангид ажиллахдаа дэслэгч цолыг газар дээр нь гардуулан өгч байжээ. Зүүдэнд ч оромгүй тийм гайхалтай боломж амьдрал дээр биелэлээ олж энгийн их, дээд сургууль төгссөн хүүд хилчин аавын удмыг залгах завшаан тохиосон гэдэг. 

Хариуцлага өндөртэй хилийн албанд нэгэн үеийн шижигнэсэн залуус үүрэг гүйцэтгэж буйг харах сайхан байлаа. Тэдний ажил үйлс шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрхтэй уялдан алсыг зорих нь гайхалтай. 

Хилчиндээ хүрсэн зорилт 

Богино хугацаанд хилчдийнхээ алба, үйл ажиллагаатай танилцах томилолтын хугацаа дуусаж ангийн зүг буцав. Зам зуурт Хилийн 0192 дугаар салбараар дайраад гарсан юм. Салбарын захирагчаар ахмад Ж.Балжинням зургаан сарын өмнө томилогджээ. Тус салбар нь 1974 оноос хилээ сахин хамгаалах үүргийг хүлээсэн. Салбарыг 40 жилийн ойгоор нь хошууч генерал Д.Базарсадын  нэрэмжит болгосон байна. Хариуцсан хэсгээр нь өнгөрсөн онд хил орчмын хэд хэдэн удаагийн зөрчил гарсныг хилчид амжилттай илрүүлжээ. Мөн ахуй тохижилтын ажлуудыг ч хийж гүйцэтгэснээр тэргүүний хилийн харуул шалгаруулах болзолт уралдаанд гуравдугаар байрыг эзэлсэн байна. 2020 онд хилчдийнхээ мэдлэгт чиглэсэн сургалтуудыг түлхүү явуулж, мэргэшсэн хилчин болоход анхаарч ажиллах талаар салбарын захирагч хэлсэн юм. 

Хилийн 0192 дугаар салбарын маш том давуу тал 24 цагийн гэрэл цахилгаантай явдал. Гэрэл цахилгаантай байхад хөгжил дагаад ирдэг хэмээн холбоочин, ахлагч П.Уранцэцэг хэлсэн. Түүний хэлсэн үнэхээр үнэн. Дархан хотын охин Хилийн 0164 дүгээр ангид зургаан жил ажиллаж байгаад нөхрийнхөө хамт залуу насандаа хилд ажиллах зорилго өвөртлөн иржээ. Тэд Хилийн 0132 дугаар ангид хоёр дахь жилдээ ажиллаж байгаа юм. Жирийн нэгэн холбоочин бүсгүйд Хил хамгаалах байгууллагын шинэчлэл, хөгжил маш их мэдрэгдэж байгаа гэнэ. Тэрбээр “Хилчдийн дүрэмт хувцас шинэчлэгдээд ийм сайхан болсон байхад цэвэр үзэмжтэй өмсөх нь бидний үүрэг. Хүнсний хангалтын нэр төрөл олширч, чанар нь сайжирсан байхад амттай хоолоор цэргүүддээ үйлчлэх нь бас л салбарын бүсгүйчүүдийн үүрэг” хэмээн ярьсан юм. Мөн хилийн нэмэгдэл нь өрхийн санхүү болоод мөнгөн хуримтлал үүсгэхэд маш их нэмэртэй байгааг хэлсэн. Байгууллагын удирдлага хилчиндээ хүрсэн яг ийм бодит шинэчлэл хийхийг зорьсон. Үр шимийг нь хилийн салбарт үүрэг гүйцэтгэж буй хилчид хүртээд эхэлснийг харахад зорилго бүрэн биелжээ гэх дүгнэлтийг хийснээр шинэ дүр төрхийг хайх аялалаа энд хүргээд жаргаасан юм.