Бэлтгэл хурандаа Г.ДАГВАЖАМЦ
Хилийн 0166 дугаар ангид цэргийн зөвлөх мэргэжилтний орчуулагч, даалгавар гүйцэтгэгч (адъютант) гэсэн албан тушаалд дэслэгч цолтой томилогдож Өмнөговийн хязгаарт очив.
Би зөвлөх мэргэжилтэн, дэд хурандаа Владимир Михайлович Кокин гэдэг сайхан зантай орос хүнд хэл залгуулах, ярьсан хэлснийг нь орчуулах, чөлөө заваараа ангийн штабын офицеруудад хичээл заах, бас олон улсын байдлаар орос хэвлэлүүдээс мэдээлэл цуглуулж лекц унших, мэдээлэл хийх гээд хэрдээ л завгүй, ажилтай болчихов. Бас ангийн дарга, зөвлөх хоёртой хилийн салбаруудаар олон хоног явна. Энэ үед “Эх орны манаа” сонинг хилчид их уншицгаадаг байв. Би “Эх орны манаа” сонинг дугаар дараалан уншдаг, бас тэдний нэг адил сониныхоо шинэ дугаарыг тэсч ядан хүлээдэг болов.
Бас болоогүй ээ, сониноо уншихын зэрэгцээ сониндоо өгүүлэл бичмээр санагдав. Тэгээд "Цэргийн даргын сэтгэл зүйн онцлог", "Даргын сурган хүмүүжүүлэх эв зүй" гэдэг өгүүлэл бичээд явуулчихлаа. Өнөөх өгүүллэг маань хоёр ч дугаарт дараалан нийтлэгдчих нь тэр. Сонинд өгүүлэл бичдэг “том” офицер болчихов оо. Үүндээ урамшаад "Цэрэг, эх оронч хүмүүжлийн мөн чанар, бүтцийн асуудалд" гэсэн өгүүлэл бичээд ”Ардын арми” сэтгүүлд явуулчихсан, бас нийтлэгдэв.
1975 оны есдүгээр сард ангийн дарга, зөвлөхүүд төвд цугларч ерөнхий зөвлөх, генерал Пантельман Иванович Георгадзе офицеруудад хичээл заасан юм. Би түүнийг орчуулдаг хүн боллоо доо. Хичээлийн завсарлагаанаар “Эх орны манаа” сонины эрхлэгч, хошууч Э.Лувсанбалдан гэдэг хүн дуудаж байна гээд өрөөг нь зааж өгөв. Өрөөнд нь ортол Э.Лувсанбалдан эрхлэгч:
-Чи чинь Овоотын нөхөр байх аа,
-За чи орос хэл хаана үзсэн юм бэ дээ гэв. Би:
-УБДС-д үзсэн гэвэл их ёжтой инээгээд:
-Өө, дотоод үйлдвэрийн “Орос” юм уу. Доторлодог эр юм биз дээ. Би бол гадаад үйлдвэрийнх, гадарладаг хүн. Гэхдээ чамайг яаж орчуулж байгааг мэдэж байгаа шүү гэдэг юм байна. Би бүр айж орхив. Тэгснээ:
-Чи манай сонинд хилчдэд зориулсан орос хэлний цуврал хичээл явуулж чадах уу? Үнэнээ л хэл. Чадна гэвэл “Чадна” гэж чанга хэл, чадахгүй бол тэрнийгээ л хэл. Чамайг олигтой юм хийвэл сонинд цуврал хичээлийг чинь гаргана гэдэг байгаа. Би айх, гайхах, бас баярлах зэрэгцээд нэг мэдсэн чинь:
-Чадна гээд чанга хэлчихсэн зогсож байна. Э.Лувсанбалдан гуай инээснээ:
-За олигтой л юм хийж үзээрэй. Бүх хичээлээ бичээд явуул! Монгол, Зөвлөлтийн найрамдлын сараас эхлээд нийтэлнэ. Новшийн юм хийв дээ. Алдаа гаргав аа. Би бүр үг өгүүлбэргүй хянана бас засна. За амжилт хүсье! гэв.
Би ангидаа очоод 20 хичээл бичээд явуулчихав. Өнөөх хичээлүүд минь арваннэгдүгээр сараас эхлээд дугаар дараалан нийтлэгдэж, хилчид бас орос хэлний хичээлтэй сониноо хүлээдэг болов. Арван тав, зургаан хичээл нийтлэгдсэний дараа сонины редакцаас албан бичиг иржээ. Тэр бичигт “Хилчдийн хүсэлтээр дахиад 20 хичээл явуулах хэрэгтэй” гэсэн байлаа. Тэгээд “Эх орны манаа сонин”-д миний хөтөлсөн 40 хичээл дөчин дугаарт нийтлэгдсэн юм даа.
Сонин маань нэг онцлогтой байв. Тэр нь эхний нүүрэн дээрээ “Ангиас гадагш гаргаж үл болно” гэсэн анхааруулгатай. Иймээс ажлын байрандаа, ангийн байрлалдаа л уншдаг байлаа. Ингэж би “Эх орны манаа” нэртэй, Байлдааны гавьяаны одонтой, хилчдийн дотны нөхөр, мэргэн зөвлөгч болсон сонинтой нөхөрлөж билээ.