Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Б.Алтанхүү: Хилчин хүн эх орон, ард түмэн, хилийн албаныхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг
  • 10:32
  • 8173
Дэлхийн 213 улсад бүртгэгдээд буй коронавирусийн тархалтын үед хилчид улсын хил дээр хэрхэн үүрэг гүйцэтгэж буй талаар ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Б.Алтанхүүтэй ярилцлаа.

 -Коронавирусийн тархалтын үед хилчид илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллах нь зүйн хэрэг. Өнгөрсөн хугацаанд өвчин тээгч байх магадлал бүхий хүн, мал амьтан улсын хилээр нэвтрэх оролдлого гарав уу?

-Одоогоор тийм зөрчил гараагүй байна. Ер нь гаднаас улсын хилээр орж ирсэн бүх хүнийг тусгай горимын дагуу хяналт шалгалтаар оруулж, мэргэжлийн хяналтын болон холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. 

-Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын гүйцэтгэх үүрэг, хилийн албаны талаар товчхон ойлголт өгнө үү?

-2016 онд батлагдсан Монгол Улсын Хилийн тухай хуулиар Хил хамгаалах байгууллагын чиг үүргийг нэлээд өргөжүүлсэн. Үндсэн 10 чиг үүрэгтэй. Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын, олон улсын гэрээ, хэлэлцээр, төрөөс хилийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын хэмжээнд хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Монгол Улсын Хилийн аюулгүй байдал, хил хамгаалалтын эрх зүйн орчин хэр бүрдсэн байдаг вэ?

-2002 онд Улсын их хурлын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлого”-д Хилийн аюулгүй байдлыг хангах бодлого, зарчмуудыг тодорхой тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Хил хамгаалалтын дүрэм”, “Иргэдийг улсын хил хамгаалалтад оролцуулах журам”, “Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөр”, “Хил хамгаалах байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр”-ийг батлуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн гадаад орнуудтай хилийн, хилийн дэглэмийн, хилийн боомтын, иргэд харилцан зорчих болон бусад асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрүүд бий. Хилийн асуудлаар хүлээсэн үүргийг Хил хамгаалах байгууллага хэрэгжүүлж байна. 2017 оны хоёрдугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хилийн тухай хууль нь хилийн аюулгүй байдлыг сахиулах шинэчлэлийн эрх зүйн үндэс болж байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон ХХЕГ-ын даргын тушаалууд батлагдан гарч хилчид алба үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байгаа.

-Монгол Улсын хил хязгаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улсын хилийн нийт урт 8252.6 км, үүнээс БНХАУ-тай 4709 км, ОХУ-тай 3543 км хуурай газраар, 900 гаруй км нь усаар хиллэдэг. Монгол Улс хилийн маргаангүй, хилээ хөрш улсуудтай олон улсын гэрээгээр бүрэн баталгаажуулсан.

-2019 онд Хил хамгаалах байгууллагаас ямар томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэв?

-Бид улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх, мэргэжлийн чадварлаг хилийн албыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд сүүлийн жилүүдэд олон тооны дунд болон урт хугацааны зорилт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, улсын хил хамгаалалтын эрх зүйн орчныг шинэчлэх, албаны нохойн бэлтгэл, түүний дотор нохой чаргыг хил хамгаалалтад ашиглах, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг шинэ шатанд гарган ажиллаж байна. Мөн улсын хилийг хөрш орнуудтай хамтран хамгаалах хүрээнд хамтарсан хээрийн сургууль, тусгай арга хэмжээг удаа дараатай зохион байгуулсан.

Хил хамгаалалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бүсчилсэн хил хамгаалалт, хилийн хөдөлгөөнт харуул, усан хил хамгаалалт, чөлөөт бүсийн хамгаалалт, гэрээт хилчний алба гээд дурдвал багагүй ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үр дүн ч сайн гарсан.

-Тухайлбал, ямар тодорхой үр дүнд хүрсэн бэ?

-Сүүлийн 20 жилийн судалгаагаар Монгол Улсын хилийн хэсгээр болон хилийн боомт газраар гарч байгаа хилийн зөрчил буурч байгаа хэдий ч дэлхийн болон бүс нутаг, улс орнуудын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хилийн зөрчлийн зорилго, хил зөрчигчдийн заль мэх, арга тактик нарийсаж, зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байна. Тиймээс Хил хамгаалах байгууллага гарч буй хилийн зөрчлийн онцлогт тохирсон арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 10 жилд гарсан хилийн зөрчил өмнөх 10 жилтэй харьцуулахад 79.4 хувиар буурсан. Хилийн зөрчлийн нэлээд хувийг хил дамнан мал хулгайлах зөрчил эзэлж байгаа ч сүүлийн таван жилийн судалгаагаар Увс аймгийн хилийн хэсгээр гардаг хил дамнан мал хулгайлах хэлбэрийн зөрчил 53.4 хувиар буурсан. Сүүлийн 10 жилд бэлчээрээр болон шуурганд уруудаж улсын хилд тулсан 191.532 толгой малыг хилчид хил дээр тогтоон, ард иргэдэд учирч болох 54.1 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, эздэд нь хүлээлгэж өгсөн. Хилийн боомтуудаар нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн жилд дунджаар 3%-ийн өсөлттэй байгаа нь түүнийг дагалдан хилийн боомтуудаар улсын хил нэвтрэх эрхийн баримт бичгийн хуурмаглал үйлдэх, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан эд зүйл нэвтрүүлэх зөрчил нэмэгдэх үндэс болж байна. 2019 онд Монгол Улсын хилээр 6,1 сая зорчигч, 3,7 сая тээврийн хэрэгслийг хилчид шалган нэвтрүүллээ. Өнгөрсөн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан 800 удаагийн үйлдэлтэй 10.8 тэрбум төгрөгийг эд зүйлийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.   

-Хилийн шалган нэвтрүүлэх албаны чиглэлээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хилийн боомтуудын шалган нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх ажлын хүрээнд хилийн Замын–Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Гашуунсухайт, Бичигт, Боршоо боомтын дахин төлөвлөлтийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, өргөтгөл, шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.  Мөн хилийн боомтын аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд хилийн боомтуудыг "Дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн систем"-ээр төхөөрөмжлөх бодлогыг боловсруулан, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Боомтын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий тусгай томилгоот бүлгүүдийг зориулалтын автомашин, зэвсэглэл, тусгай хэрэгсэл, тусгай ажиллагааны хувцсаар хангаж, бэлтгэл сургуулилтыг эрчимтэй зохион байгуулж байна. Боомтын аюулгүй байдлыг хангах, үүсэж болзошгүй нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед ашиглах тусгай хэрэгсэл түүний дотор анх удаа галт зэвсэгтэй адилтгах үхэлд үл хүргэх Grand Power T-12, M-09, Stryker-X Black, Armed Gladiator  загварын зэвсгийг албанд ашиглаж эхэлсэн. Хилийн боомтуудад тусгай зориулалтын кабиныг суурилуулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, 2017-2019 онд гэрээт хилчний албанд шилжүүлж, алба үйл ажиллагааг зохион байгуулж байна.

-2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт танай байгууллагын чиглэлээр ямар зорилтууд тусгагдаж, хэрэгжилт нь ямар байна вэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хил хамгаалах байгууллагад шууд хамаарах хоёр үндсэн зорилтын хүрээнд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нийт долоон арга хэмжээ тусгагдсан. Одоогоор хэрэгжилт 90 орчим хувьтай байна. Үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Зарчмын хувьд эхний хоёр жилд эрх зүйн шинэчлэлийг хийхэд гол анхаарлаа хандуулсан. Хуулиа шинэчлэн батлуулж, олон тооны дүрэм, журам, заавруудыг гаргасан. Дараагийн хоёр жилд эдгээр эрх зүйн акт дээрээ тулгуурлан хил хамгаалах үйл ажиллагааг шинэчлэх, бодит ажил болгоход  анхаарч ажилласнаар үр дүнд хүрсэн. Тухайлбал, “Буйр нуурын усан хил хамгаалалт” дэд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүллээ. Хилийн салбаруудад 10 кВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц суурилуулж, өндөр хүчдэлийн шугамд холбосноор нийт хилийн салбаруудын 70 хувь нь байнгын цахилгааны эх үүсвэрт холбогдсон. Мөн хилчдийн хувцасны шинэчлэлийн хүрээнд 38 нэр төрлийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцасны загвар гаргаж батлууллаа. Хилчдийн хүнсний норм, хэмжээ, нэр төрөл, хилийн манааны хүнсний хангалтыг нэмэгдүүлж, хилчид 24 нэр төрлийн хүнсний хангамжтай болсон. Ингэснээр хил дээр ажиллаж, амьдарч буй хилчдийн нийгмийн асуудал тодорхой хувиар шийдэгдэж байгаа юм. Мөн хилийн салбаруудыг үе шаттайгаар гэрээт хилчний албанд шилжүүлэх зорилтын хүрээнд хилийн болон шалган нэвтрүүлэх 40 гаруй салбарыг гэрээт хилчний албанд шилжүүлээд байна.

-Монгол Улсын Хил хамгаалах байгууллага бусад улсын ижил төрлийн байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаа хир вэ? Ер нь хил хамгаалалтын асуудлаар хамтын ажиллагаа хэрхэн өрнөдөг вэ?

-Монгол Улсын Хил хамгаалах байгууллага нь хөрш орнуудын хил хамгаалах, шалган нэвтрүүлэх байгууллагуудтай хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд төдийгүй улсын хилийн дэглэмийг сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай байдаг. Мөн хүний нөөцийг шаардлагатай төрөл мэргэжлээр бэлтгэх чиглэлд ялангуяа ОХУ-тай илүүтэйгээр хамтран ажиллаж байна. Нэг улсын хил гэж байдаггүй. Хоёр улсын буюу олон улсын хилийг хоёр улс хамтран хамгаалах зарчим хэрэгжиж байна. Энэ хүрээнд бага дипломатын ажиллагаа буюу хилийн төлөөлөгчийн шугамаар хөрш улс орнуудтайгаа тасралтгүй хамтран ажиллаж байна. Мөн гуравдагч орнуудтай туршлага солилцох, алба хаагчдыг сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Европын холбооны хил, эргийн хамгаалалтын агентлаг-Фронтекстэй холбоотой ажиллаж, Олон улсын хилийн албадын жил бүрийн бага хуралд тогтмол оролцож байна. Энэ хурлын “Хүрэл од” шагналаар Монгол Улсын Хил хамгаалах байгууллагыг шагнасан. Өнгөрсөн онд хөрш орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааны эрх зүйн актуудыг бүрэн шинэчлэн баталгаажууллаа, Тэдгээрийн хилийн албадын болон Фроктексийн удирдагчидтай ажлын уулзалтуудыг амжилттай хийж, өнөөгийн дэлхийн хилийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцсэн олон улсын хилийн албадын 24 удаагийн бага хуралд оролцсон.   

-Хилийн аюулгүй байдал гэж та хэллээ. Хилийн аюулгүй байдлын асуудал дэлхийн хэмжээнд ямар байна? Цаашдын хандлага, чиглэлийн тухайд та бүхэн хэрхэн харж байна вэ?

-Хилийн аюулгүй байдлын асуудалд улс орнуудаас гадна олон улсын байгууллагууд анхаарал хандуулах болсон. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эрчимжиж, улс хоорондын зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүний солилцоо эрс нэмэгдэж, үүнийг дагаж үндэстэн дамнасан төрөл бүрийн гэмт хэрэг гарч байна. Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй аливаа улс гүрэн дангаараа тэмцэх боломжгүй. Хил дамнасан гэмт хэрэг бол үндэстэн дамнасан гэмт хэргийн нэг төрөл. Хил хамгаалах байгууллагын хуулиар хүлээсэн нэг үүрэг бол хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох юм.  Олон улсын хэмжээнд нээлттэй хил гэх зэргээр Европын холбоо, зарим бүс нутагт хилийн хяналт, хамгаалалтыг арилгах, зөөлрүүлэх арга хэмжээ авагдсан боловч улс төвтэй олон улсын системийн үед боломжгүй гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Үүсээд буй олон улсыг хамарсан цар тахлын үед иргэд, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд дэлхийн улс орнууд боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж, хилээ хааж байна. Европын улсуудад өндөр маргаан дэгдээж Европын холбоо гэдэг төсөл цаашид хэрэгжих үү, үгүй юу гэдэг асуултыг Италийн ерөнхий сайдаас эхлээд тавьж, гишүүн орнууд нь хилийн хяналтаа чангатгаж байгаагаас харж болно.

-Одоо сэдвээ жаахан өөрчилж, цаг үеийн асуудлаар товч ярилцъя гэж бодож байна. Улс орны хэмжээнд цар тахлын аюулын өндөржүүлсэн бэлэн байдалд оршиж байна. Хилчид энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хил хамгаалах байгууллага өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжин ажиллаж байна. Монгол Улсын ХХЕГ-ын дарга нь Улсын онцгой комиссын гишүүний хувьд тухай бүр нь Улсын онцгой комиссын хуралдаанд оролцож, Covid-19 тахлаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг ханган, хилийн боомтуудад тусгай дэглэм тогтоон, сахиулж байна. Одоогоор Засгийн газрын шийдвэрээр хилийн таван боомтыг түр хааж, 19 боомтоор нэвтрэх зорчигч, тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон.  Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Замын-Үүд авто замын боомтоор улс хоорондын ачаа, төмрийн хүдэр, нүүрс тээврийн автомашин, Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав төмөр замын боомтоор улс хоорондын ачааны галт тэрэг, Алтанбулаг, Цагааннуур, Боршоо боомтоор улс хоорондын ачаа тээврийн автомашиныг улсын хилээр шалган нэвтрүүлж байна.  Авто замын боомтоор өдөрт дунджаар улс хоорондын 150-200 ачааны авто машин, эрдэс баялгийн 300-320 ачааны авто машин, төмөр замын боомтоор 30-40 ачааны галт тэрэгний хөдөлгөөнтэй байна. ГХЯ, ЗТХЯ-тай хамтран 6360 Монгол иргэнийг хилийн боомтуудаар шалган нэвтрүүлж, татан авах арга хэмжээг зохион байгууллаа. Хилийн Буянт-Ухаа, Гашуунсухайт, Бичигт, Хавирга, Булган, Алтанбулаг, Ханх, Боршоо, Эрээнцав, Цагааннуур, Сүхбаатар боомтоор голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд болон тэдгээртэй ойрын хавьтал бүхий нийт 4651 иргэнийг мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүллээ.

-Ингэхэд ийм эгзэгтэй, эрсдэлтэй цаг үед Хил хамгаалах байгууллага  иргэдтэйгээ хэр ойр байж, хамтран ажиллаж байна вэ?

-Улсын хил хамгаалалтын чиглэлээр хил хамгаалах туслах хүчний гишүүн, орон нутгийн иргэд, засаг захиргааны байгууллагатай нягт хамтран ажилладаг. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журам бий. Хил хамгаалах байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хилийн боомт, зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл өгөх, хилийн цэргийн төв архивын лавлагаа гаргах, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлж байна. Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны талаарх бүх мэдээллийг ХХЕГ-ын www.bpo.gov.mn вэб хуудас, “Хил хамгаалах ерөнхий газрын Олон Нийттэй Харилцах алба” гэсэн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан авч болно. Мөн ХХЕГ-т биеэр ирсэн иргэдийг хүлээн авч, цахим хуудсаар өргөдөл, хүсэлт хүлээн авч байна.

-Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч улс орон хувьсан өөрчлөгдөж, цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Ийм цаг үед Монгол Улсын хил хамгаалалтад тулгарч буй хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Монгол Улс дэлхийд газар нутгийн хэмжээгээр 18-д, улсын хилийн урт, нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлж байна. Энэтхэг, Хятад зэрэг улс шиг хүний хүчээр хилээ хамгаалах боломж байхгүй. Ийм учраас хил хамгаалалтын арга ажиллагааг илүү боловсронгуй болгох, хүний хүчийг өсгөгч шинэ үеийн техник, технологийг улсын хил хамгаалалтад ашиглах зайлшгүй шаардлага бий.  Тиймээс бид Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг найдвартай хангаж, хилийн албыг хөгжүүлэх стратегийн зорилт тавин ажиллаж байна. Нөгөө талаас чадварлаг мэргэжлийн бүрэлдэхүүнийг хөгжүүлэх, хил хязгаар нутагт ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн асуудлыг шат шатаар шийдвэрлэх ёстой.  Үүнийгээ дагаад хил орчмын нутаг дэвсгэрийн хөгжлийн асуудал давхар яригдах юм. Өөрөөр хэлбэл хил орчмын нутаг дэвсгэрт дэд бүтэц сайжирч, хүн ам оршин суух нь хилийн аюулгүй байдлыг хангах нэг чухал нөхцөл юм.

-Монгол Улсын хил хамгаалалтын цаашдын зорилт, чиглэлийн талаар сонирхоод энэ яриагаа өндөрлөе?

-Монгол Улсын хувьд Хил хамгаалах байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ, төв суурин газраас алслагдсан бүс нутагт хилчид ажиллаж, амьдрах, хөгжлийг авчрах, газар нутгийн зах, хилийн шугамын явалт, хилийн багана тэмдгээ шалгаж сэргээх гээд агуулгын хувьд олон чухал асуудал байгаа. Хүчирхэг хил хамгаалах албатай байх нь Монгол Улсын тэргүүн зэргийн эрх ашиг. Ер нь манай хилчид өнөөгийн цаг үед улс орон, ард түмэн, хилийн албаны ашиг сонирхлыг тэргүүн эгнээнд тавьдаг. Цаашид бид хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын Олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хилийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөрийг хэрэгжүүлж, хил хамгаалалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хилийн аюулгүй байдлыг хангаж, улсын хил хамгаалалтад техник, технологийн ололт дэвшлийг түлхүү нэвтрүүлэн, хил хамгаалах үйл ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэх, хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчилд хойшлуулшгүй ажиллагаа явуулах, шалгаж шийдвэрлэх тогтолцоог бий болгох;  Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд хяналт, шалгалт, бүртгэлийн цахим технологийг нэвтрүүлэх; улсын хилийг гэрээт болон мэргэжлийн цэргээр хамгаалах, бие бүрэлдэхүүнийг мэргэшүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;  хилчдийн эрүүл мэнд, ахуй хангалт, нийгмийн баталгааг сайжруулах зорилтуудыг тавин ажиллаж байна.

2020 оны хувьд “Шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрхийг бий болгоно” гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Энэ нь хилчдийн мэдлэг, боловсрол, чадвараас эхлээд хэрэгжүүлж буй арга тактик, ажиллагаа, хэрэглэж буй зэвсэг, хувцас, техник хэрэгсэл, байгууллагын соёл, ёс зүй гээд олон чиглэлийг хамарсан ажил юм. Эцэст нь Монгол Улсынхаа Үндэсний болон хилийн аюулгүй байдлыг хангахад төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэргийн болон хууль сахиулах байгууллага, ард иргэд, та бидний хамтын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг энд тэмдэглэж хэлмээр байна.