Гэрээт хилчдийн анхан шатны сургалт өндөрлөлөө
  • 14:29
  • 1795
ХХЕГ-ын даргын тушаалын дагуу Хилийн 0168, 0257, 0129, 0132, 0245 дугаар ангид гэрээт хилчдийн анхан шатны сургалт 15 хоногийн хугацаатай бүсчилсэн байдлаар зохион байгуулагдав. Энэ удаагийн сургалтад хугацаат цэргийн алба хааж буй залуус хамрагдаж буйгаараа онцлогтой юм. Сургалтын чанар 86 хувьтай байна.

Түрүүч Н.ЭНХБОЛД: Манай сумын хүүхдүүд бүгд хилийн цэрэгт орно гэж мөрөөдөж ярьдаг байсан


Ахмад Б.НЯМСАЙХАН

Гэрээт хилчин бэлтгэх анхан шатны сургалтын төвийн I салааны түрүүч Н.Энхболдтой сургалтын талаар ярилцлаа.

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 2019 оны нэгдүгээр ээлжээр Хилийн 0277 дугаар ангид цэргийн алба хаагаад гэрээт хилчин болохоор Хилийн 0257 дугаар ангийн 0231 дүгээр салбарт анхан шатны сургалтад хамрагдлаа.
-Гэрээт хилчний албыг яагаад сонгох болсон бэ?
-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цэргийн сургуульд элсэн суралцана гэж боддог байсан. Тэр үед надад цэргийн сургуульд орох боломж олдоогүй. Тэгээд цэргийн албанд татагдаж, алба хаах хугацаандаа гэрээт хилчний албыг судалж,  сонгосон нь ирээдүйн Хил хамгаалах байгууллагын байнгын бүрэлдэхүүнд орж ажиллах мөрөөдлийн эхний алхам болсон гэж бодож байгаа.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач? Яагаад заавал цэргийн хүн болно гэж шийдсэн бэ? 
-Би аав ээж, хоёр ах, эгчийн хамт амьдардаг. Аав, ээж маань төрөлх нутаг усандаа мал маллаж аж төрдөг. Манай суманд Хилийн 0311 дүгээр анги байрладаг. Тийм болохоор багаасаа Хилийн цэргийн ах нарыг харж өссөн. Тэдний хувцас хэрэглэл, биеэ авч яваа байдлыг нь хараад манай сумын сургуулийн хүүхдүүд бүгд Хилийн цэрэгт орно гэж мөрөөдөж ярьдаг байлаа. Тэгээд ч “Хил манана гэдэг эр хүний үүрэх ачаа шүү” гэж аавын хэлсэн надад итгэл төрүүлсэн.
-Гэрээт хилчдийн анхан шатны сургалтын төвийн  сургалтын үйл ажиллагааны талаар таны сэтгэгдэл?
-Сургалтын төвийн бүх зүйл, тэр дундаа цагийн хуваарийг чанд мөрдөж ажиллаж байгаа нь таалагдаж байна. Бас сургалтын төвийн офицер, ахлагч нарын хичээл зааж байгаа арга барил, нээлттэй эерэг харилцаа гээд бүх зүйл сайн байсан. Сургалтын үеэр зохиогдож байгаа соёл хүмүүжлийн ажил бүр сонирхолтой байлаа. Би бас нэг зүйлийг анзаарсан. Тэр нь гэрээт цэргийн албанд орох гэж байгаа залуустай сургалтын төвийн дарга нар нээлттэй, дотно харилцаж байгаа нь хугацаат цэргийн алба хаагч байх үеэс их өөр юм гэдгийг мэдэрлээ.


Д.Цогт: ХИЛЧИД НУТАГ УС, ЗОН ОЛНЫХОО ИТГЭЛ НАЙДВАР

Хилийн 0257 дугаар ангид явагдсан сургалтын үеэр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Цогттой ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу?
-Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Миний бие 2009-2016 оны хооронд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Халбан багийн Засаг даргаар, 2016 оноос Цэцэрлэг сумын Засаг даргаар ажиллаж байна. 2009 оноос хойш ХХТХСЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
-Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт байрлаж байгаа хилийн салбартай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Цэцэрлэг суманд Хилийн цэргийн хоёр салбар үйл ажиллагаа явуулж байна. Хилийн салбаруудтай хамтран ажиллах төлөвлөгөө гарган ард, иргэд болон албан байгууллагатай хамтран ажиллах, уялдаа холбоогоо сайжруулах, ирээдүй болсон хүүхэд багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх бодлого барин ажилладаг. Мөн хилчдэдээ сэтгэл санааны болон эд материал, бензин шатахуун, морь, мотоцикль, техник хэрэгсэл олгох зэргээр дэмжин ажиллаж байна. Хил тайван бол ард иргэд, малчид тайван байна шүү дээ. Иймд цаашид бололцоотой бүхий л талаараа хилчдээ дэмжиж, хамтран ажиллах болно.
-Орон нутгийн үйл ажиллагаанд хилчдийн оролцоо ямар байна вэ?
-Орон нутгийн хэмжээнд зохиогдож байгаа арга хэмжээнд  хилчдийн оролцоо сайн байдаг. Бид хилийн салбарт шинээр томилогдон ажиллаж байгаа хилчдийг орон нутгийн харьяалалд бүртгэлтэй болгохыг хүсдэг. Ингэснээр хилчдэд олон давуу талууд бий болдог юм. Орон нутгаас зохион байгуулагдаж буй арга хэмжээ, нийгмийн болон халамж үйлчилгээ, төрөл бүрийн төсөл, хөтөлбөрт хамрагдах, улмаар газар эзэмших, өмчлөх эрхтэй болох гэх мэтээр хамтран ажиллаж байна.
-Цэцэрлэг сумын хил хамгаалалтад туслах салбар зөвлөлийн зүгээс энэ онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Тус сумын хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн төлөвлөгөөний дагуу олон ажил хийгдэнэ. Тухайлбал, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аятай тухтай орчинд амьдрах, хилчдийг төсөл, хөтөлбөрт хамруулах, хил хамгаалах алба, үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэхээр сумын төсөвт тодорхой эх үүсвэрийг баталсан байгаа.
-Гэрээт хилчдийн анхан шатны сургалтын төвийн үйл ажиллагаанд оролцсон сэтгэгдлээ хуваалцана уу?
-Хилчид маань цар тахал буюу коронавирус  дэгдсэн энэ үед гэрээт хилчдийн анхан шатны сургалтыг зохион байгуулалт сайтай, ямар ч саадгүйгээр вакумжуулсан сургалт хийж байгаа нь туршлага болохуйц арга хэмжээ гэж үзэж байна.
-Хилчдийн талаар хувь хүний бодол?
-Хилчдийн тэсвэр тэвчээр, ноён нуруу, албаны онцлог зэргийг тодорхой хэмжээнд мэддэг хүний хувьд хэлэхэд та бүхэн нутаг ус, зон олныхоо итгэл найдвар юм шүү.