ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА
  • 2020.05.12
  • 159664


БЭЛГЭ ТЭМДЭГ:

Бэлгэ тэмдгийн утга нь: Шар хүрээтэй ногоон дэвсгэр нь-дэвжин дэлгэрэхийг, “Хилийн багана”-улсын хилийн халдашгүй дархан байдлыг, “Алтан шонхор”-хилчдийн эр зориг сонор сэрэмж, дайчин шаламгай ажиллагаа, тангарагтаа үнэнч байж, эх орноо найдвартай хамгаалж буйг, оройн хэсгийн “Алтан соёмбо” нь-төрөө ямагт дээдлэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болохыг илэрхийлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монгол Улсын хил халдашгүй дархан байна.

ТҮҮХЭН ЗАМНАЛ:

Хил хамгаалах байгууллага нь 1933 онд Дотоодыг хамгаалах газрын харьяа Цэргийн ба Хязгаарын хэлтэс нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1996 оноос Засгийн газрын тохируулагч агентлаг болж, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БАТАЛГААЖИЛТ:

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг хоёр улсын хооронд 1958, 1976 онд байгуулсан хилийн гэрээнүүдийн дагуу газар дээр нь тогтоон тэмдэглэсэн.

Хилийн дэглэмийн гэрээг 1980 онд байгуулж, 2006 онд шинэчлэн батламжилсан. Улсын хилийн хамтарсан шалгалтыг 1987-2001 онд явуулсан.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн гэрээг анх 1962 онд байгуулж, 1988, 2010 онд шинэчлэн батламжилсан.

Монгол-Хятадын хилийн нэг дэх удаагийн хамтарсан шалгалтыг 1982-1984 онд, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2004 онд зохион байгуулсан.

МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Олон Улсын гэрээ, хэлэлцээрүүд, Монгол Улсын хилийн тухай хууль, Монгол Улсын хил хамгаалалтын дүрэм, Монгол Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам, Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөр, Хил хамгаалах байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөрийн дагуу улсын хил хамгаалалтыг зохион байгуулж байна.

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

  • Улсын хилийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
  • Улс орны хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах;
  • Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, улсын хилийн дэглэмийг сахиулах;
  • Улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөх явдал гаргуулахгүй байх;
  • Хил орчмын дэглэмийг сахиулан, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, хилийн зөрчлийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх;
  • Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах;
  • Улсын хилийн зурвас, хилийн боомтод үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох арга хэмжээ авах;
  • Хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох;
  • Агаарын хилийг зөрчсөн байж болзошгүй нисгэгчтэй болон нисгэгчгүй нисэх хэрэгслийн талаарх мэдээллийг зэвсэгт хүчний агаарын цэргийн анги, салбарт шуурхай дамжуулах;
  • Хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

Хил хамгаалах байгууллага нь хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, гишүүдтэй хамтран улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн алба, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Батлан хамгаалах дайчилгааны ерөнхий газар болон Зэвсэгт цагдаагийн хүчний Хил хамгаалах байгууллагуудтай харилцан ажиллаж, ОХУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, Финланд улсуудын Хилийн албад, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага, Ази, Номхон далайн бүс нутгийн Аюулгүй байдлын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, улсын хил хамгаалалтад  дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, алба хаагчдыг сургаж, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР:

Бүсчилсэн хил хамгаалалт:

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөр”-ийн хүрээнд говь цөлийн, тал хээрийн, уулын, ой тайгын бүсийн байгаль, цаг уур, физик газар зүйн онцлог нөхцөлд зохицсон хил хамгаалалт, хангалтын тогтолцоонд шилжүүлж, хил хамгаалалтын мэдээллийн нэгдмэл, шуурхай байдлыг ханган, орчин үеийн зэвсэг, техник технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Уулын бүсэд: Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймаг;
Ой тайгын бүсэд: Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймаг;
Тал хээрийн бүсэд: Сүхбаатар, Дорнод аймаг;
Говь цөлийн бүсэд: Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймаг;
Төвийн бүсэд: Улаанбаатар хотод байгаа хилийн ангиуд  тус тус хамаардаг.

Гэрээт хилчний алба:

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Гэрээт хилчний албыг зохион байгуулж, иргэдийг сайн дурын үндсэн дээр гэрээгээр улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгүүлж байна.

“Хилчдийн нийгмийн хамгаалал-2024” хөтөлбөр:

Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ажиллах, амьдрах ахуй нөхцлийг сайжруулж, тэдний эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг дээшлүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.