ГОВИЙН БҮСГҮЙЧҮҮДИЙН БРЭНД
  • 10:00
  • 59
Тэнгэрийн хаяа улаан, улбар ягаан, гүн цэнхэр, дэн шар өнгөөр үзэсгэлэнтэйеэ туяарсаар наран манддаг гоо төрхийг саравчлан зогсох хилчин бүсгүйчүүд гэдэг бахдалтай.

Ахлагч С.Мөнхшүр

Говийн нарны илч, хөмүүл таанын соргог үнэр, хөх тогорууд, хилийн багана, харуулын байр, хилчид нар тосож угтана, сар шингээж хононо. Адуутай, айрагтай, амьдрал буцалж, ажил өрнөсөн хилийн заставт ирэх бүртээ догдлол тээнэ. Хилийн заставыг орхиод буцахад хөнгөн гуниг төрж хоргодно. Гэгээн зунаар нэвсийтэл дарсан цас шиг таанын цагаан цэцэгстэй уужим тал, оройд нь онц хилчин өвөөгийн тахисан овоо, бэлд нь үе үеийн хилчдийн хамгаалсан газар шороо, чулуун тоглоомтой эх нутгаа хайрлахгүй байхын аргагүй билээ. Тэнгэрийн хаяа улаан, улбар ягаан, гүн цэнхэр, дэн шар өнгөөр үзэсгэлэнтэйеэ туяарсаар наран манддаг гоо төрхийг саравчлан зогсох хилчин бүсгүйчүүд гэдэг бахдалтай.

Тэд нүд алдам талын дунд гантиг шиг гялалзах хилийн заставын гэрэл гэгээ, хэдэн цэргийнхээ ээж, эгч, хилчин хархүүгийн халамжит хань нь билээ. Тэр л эмэгтэйчүүдийн түүчээ болсон гэгээн дорнын Улаан-Уулын ажилсаг хилчин бүсгүйчүүдийн дэлгэсэн нэгэн үзэсгэлэнгийн тухай доор өгүүлье. Энэхүү үзэсгэлэнд Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн оролцсон юм. Ангийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цэргийн алба хаагчдад сүү, сүүн бүтээгдэхүүнээр үйлчлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэх зорилготой уг үзэсгэлэн зохион байгуулагдсан юм. Хилийн застав, малын суурийн ажилтан алба хаагчид сэтгэл, хөдөлмөр хоёрыг эн тэнцүү хослуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн, даршилсан ногоо, өөрсдийн тарьсан хүнсний ногоо, суран эдлэл зэргийг ангийн удирдлага, хамт олондоо танилцуулсан сайхан арга хэмжээ болов.

Эрүүл мэндэд чиглэсэн эмийн бус хэрэглээ хилчдэд

Уг үзэсгэлэнд 60 гаруй төрлийн бүтээл дэлгэгдсэн юм. Тухайлбал, чихэртэй, чихэргүй, жимстэй, жимсгүй, сүүн хурууд, өнгө өнгийн ааруул, ээзгий, хайлмаг, гүүний айраг, ингэний ундаа, хоормог, өрөм, бяслаг, шар сүүний ундаа, шар тос, шар будааны ундаа, сулхир, өөрсдийн тарьсан хүнсний ногоо, даршилсан ногоо, тарган торт, молоко, суран эдлэл, хазаар ногт эмээл, чөдөр, уурганы хуйв, гурван төрлөөр хийсэн суран бугуйвч, оньсон тоглоом, эд хэрэглэл, цагаан идээ, сүүн бүтээгдэхүүнийг хийж, застав, малын сууриуд тус бүрийн хаяг, шошгыг наан бэлтгэснээ тайлагналаа. Заставын бүсгүйчүүд гарын доорхи материалыг ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлгэн харуулж, хилийн заставууд хүнсэндээ өргөн дэлгэр хэрэглэж байна. Застав бүрийн хамгийн гол анхаарсан зүйл нь хилийн манааны ааруул. Улсын хилийн аюулгүй байдлын төлөө тушаал аван биелүүлж, өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байдаг хилийн манааны бүрэлдэхүүнд ааруул бэлтгэн өгөх нь ач холбогдолтой. Ааруул амны цангааг тайлна, нойронд сэргэг байдлаар нөлөөлөх ач тустай тул хилийн манааны ааруулны амт чанар, өнгө үзэмж, чанар байдалд заставын бүсгүйчүүд бүгд жигд анхаарч, хичээл зүтгэл гарган ажилласан нь харагдаж байлаа.

Сулхирын гурилаар ялгарсан застав

Заставыхан хөл хөдөлгөөнтэй, бэлтгэж зассан цагаан идээнийхээ ард хийсэн бүтээсэн зүйлтэй, хүнд хэлэх үгтэй гялалзаж харагдана. Тэдний нэг хилийн 0139 дүгээр салбар. Тус застав 18 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцож байна. Тэдний онцлох бүтээгдэхүүн шар сүүний ундаа, сулхирын гурил юм. Шар сүүний ундаа олон төрлийн амин дэмээр баялаг, түүнчлэн гоо сайхны чухал бүтээгдэхүүн гэдэг. Харин сулхирт уураг, тос, олон төрлийн бичил элементүүдийг агуулж, өтгөн хаталтаас сэргийлж, эрч хүчийг сэргээдэг онцлогтой. Говь цөлийн элсэрхэг хөрсөнд ургадаг амуу тарианы энэхүү ургамалд уураг 23 хувь, тос 8.4 хувь, нүүрс ус 60 хувь агуулдаг учраас шим тэжээлтэй, цайндаа хийц болгон хэрэглэдэг байна. 

Хилчдийн эмгүй эмчилгээ үргэлжилсээр

Дэлхийн хүнсний хангамжийн нэгэн чухал бүтээгдэхүүн бол шар будаа. Шар будааг бөөрний чулуу гаргах, эмэгтэйчүүдийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж ирсэн. Хилийн 0156 дугаар салбар ч үүнээс хоцорсонгүй. Тэд шар будааны ундааг бэлтгэн гаргаж, улсын хилийг сахин хамгаалж буй офицер, ахлагч, гэрээт хилчдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсэнд хэрэглээд хэдийнэ хэвшсэн байна. Ийнхүү шар будааны ундааг тогтмол хэрэглэснээр бөөрний өвчлөл багассан тухай тус салбарын ажилтан Б.Ундрам хэлсэн юм. 

Говийн шаварлаг хөрсөнд хүнсний ногоо тариалжээ

Говийн шаварлаг хөрсөнд хүнсний ногоог есөн төрлөөр тариалж чадсан салбар бол хилийн 0125 дугаар салбар. Тус салбарт хулууг хоёр төрлөөр, тарвас, өргөст хэмх, улаан лооль, төмс, лууван, гоньд гэх мэт ногоог тариалж, өөрсдийн гараар хүнсэнд хэрэглэхээр даршлан бэлтгэжээ. Мөн тус салбар тахиа тэжээж гэрээт хилчдэдээ долоо хоногт хоёр удаа өндөгтэй хоол, өөрсдийн тариалсан хүнсний ногооны салатаар үйлчилдэг байна. Цагаан идээгээ боловсруулан тараг, ааруул бэлтгэхээс гадна жигнэмэг бэлтгэхээ ч тэд мартсангүй. Цэргийн алба хаагчдын хүнсэнд хэрэглэгддэг үзмээр жисмний чанамал хийж, нөөц бололцоогоо олон талаас нь харж сэтгэж чаджээ. Суурин газраас алслагдмал сэтгэлгээг халж, хаана ч сайхан ажиллахад бүхий л нөөц бололцоо байдгийг харуулан туршиж яваа хилчин бүсгүйчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй юм.

Үзэсгэлэнгийн эргэн тойронд

Буянт малын үр шим их. Үзэсгэлэнд сүү сүүн бүтээгдэхүүнээс гадна зөөлөн тоног хэрэглэлийг застав бүрээс гарган дэлгэжээ. Сураа бэлтгэж, хазаар, ногт, эмээлээ бэлтгэж малч ухаан, монгол соёл, үндэсний цэвэр бүтээгдэхүүн бүгд хилийн заставт өрнөж байна. Хилчид гайхалтай ажилсаг, бурхны ерөөлтэй хамт олон. Суран эдлэлээр хазаар ногт, ташуур бүхий гарын бэлэг, түлхүүрийн оосор хийсэн нь малч удамтай монгол хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөнө. Үзэж сонирхох, амтархан амтлах бүтээл арвинтай, бие биеэсээ харилцан суралцах хөдөлмөр өргөнтэй, хилчин бүсгүйчүүд олз омгоор дүүрэн  нэгэн өдрийг өнгөрөөж Хилийн 0129 дүгээр анги амжилттай зохион байгуулан их ажлын ард хамтын хүчээр гарч чадлаа. 

Зэлэн дээр гунганан эргэцэх цагаан ботгоны эх хилийн зурвасаас буйлан буйлсаар үрдээ ирэхэд сэтгэл тайвширч, салхи намдах шиг болдог уянгалаг хил минь. Саалийн, сайхан сэтгэлийн үнэр шингэсэн эмээгийн дээлийг өмсөөд ингэ саадаг хилчин бүсгүй минь. Энэ дэлхийд, эх орны газрын зураг дээрх хамгийн сайн мэддэг газар, элэг зүрхэнд үргэлж дагшин хил минь. Тэнд ажилладаг, амьдардаг ажилсаг, нинжин сэтгэлт түмнийг хүндлэн дээдэлдэг билээ би. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.