Ахлах дэслэгч Г.НЯМГЭРЭЛ
Түүний тухай тодорхойлолтод ахмад хилчин, бэлтгэл ахлах дэслэгч, Хилийн 0286 дугаар ангийн тулгын чулууг тавилцагч гээд олон тодотгол оруулж болох ч Монгол Улсын хүндэт хилчин гэх алдар нь юу юунаас илүү эрхэм билээ. Хилчин болно гэдэг хичнээн сайхан хувь заяа вэ. Тэгвэл энэ сайхан эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж төр, түмэн олондоо хүндлүүлнэ гэдэг юутай ч зүйрлэмгүй гавьяа. Лувсанжанцангийн Ганпүрэв хэмээх эдүгээ намхаан өвөө болсон энэ буурал цагтаа эх орны хил рүү өнгөлзсөн, нутгийн баялаг руу шунасан бүхний зүүдэнд учирсан эрлэг, зүрхэнд хурсан айдас байжээ. Учир нь тэрбээр зөвхөн өөрөө гардаж 17 удаагийн 50 гаруй хил зөрчигчийг илрүүлэн саатуулжээ. Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсын хүндэт хилчин хэмээгдэж яваа.
-Настайчуудын амнаас олон сонсож байлаа. Нас ахих тусам нутаг санагдах нь элбэгшдэг гэж. Таныг Булганы аймгийн Тэшиг сумын суугуул иргэн гэдэг. Төрсөн нутаг ус хэр үгүйлэгдэж байна вэ?
-Тийм ээ, их ортой үг. Үнэхээр нутаг санагддаг юм байна. Төрсөн нутаг усандаа очоогүй олон жил боллоо. Ирэх зунаас хөгшинтэйгөө нэг ухасхийгээд ирэх төлөвлөгөө байгаа. Цэрэгт явах гэж нутгаасаа гараад дахиж очоогүй юм байна. Цэргээс халагдсаны дараа ижий аав, ах дүү бүгд хот хүрээ бараадсан учраас нутагтаа очих шаардлага гарч байсангүй. Би Архангай аймгийн Хангай сумын хүн. 1951 онд Лувсанжанцан гэж хүний ууган хүү болон мэндэлсэн. Нутагтаа зургадугаар ангийн боловсрол эзэмшсэн. 1970 онд цэрэгт мордсон. Цэрэгт явахаар шалгуултал өндрөөрөө тэнцэхгүй хөглөсөн. Би чинь нэг метр гаруйтай хүн. Цэрэг татлагаар нуруугаараа гологдоод зогсож байтал бас нэг над шиг өндөртэй нөхөр ирлээ. Ингээд хоёулаа яаж ийгээд цэрэгт явчих санаатай зогсож байтал ашгүй хоёр дарга нь хүүхдээ цэргийн албанаас сугалж авснаар бид хоёрт боломж гарсан. Ардын армид хоёр жилийн хугацаатай цэргийн алба хаалаа. Тухайн үеийн алба гурван жилийн хугацаатай байсан юм. Гэтэл ар гэрт гачигдал гараад армиас халагдчихсан. Надад Хилийн цэрэгт алба хаах хүсэл их байсан. Би армид алба хааж байхдаа ч эр хүн болсных хилийн манаанд явж үзэхсэн, эх орныхоо хил дээр зогсож байхсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байлаа. Ингээд эргээд цэргийн алба хаах болж хүсч байсан Хилийн цэрэгтээ орсон. Тэр дундаа алдарт Дорнодын хилийн ангид алба хаах болсон юм.
-Хилчин болсон замнал ингэж эхэлжээ. Тухайн үеийн Дорнодын анги гэхээр өнөө цагийн хилчин баатруудын ихэнх нь амьд сэрүүн байж таарна?
-Тэгэлгүй яахав. Алдарт П.Чогдон хурандаагийн цэрэг гэдгээрээ би одоо ч бахархдаг. Манай ангийн дарга байсан юм. Бид даргыгаа бүгд “эцэг” гэж хүндэтгэн дууддаг. Өөрт нь мэдээж тэгж хэлэхгүй л дээ. Хоорондоо л тэгж ярина. Эцэг шигээ санаж хүндэтгэн хайрлаж, айж эмээж байна гэсэн үг. Цэргийн албанд дөнгөж хөл тавиад өнөөдөр Монгол Улсын хилчин баатар хэмээгдэж буй энэ эрхэм хүний торгон цэрэг нь болж явсан хувь заяандаа би туйлын бахархалтай ханддаг. Мөн улсын баатар С.Төмөрбаатар гуай тэгэхэд ажиллаж амьдарч байсан. Хилчдийн хайртай генерал Д.Базарсад манай ангийн ротын захирагч байлаа. Тухайн үеийн бидний дарга нар гаднаас нь харахад ууртай чанга офицерууд байсан. Гэвч дотроо өр зөөлөн, цэргээ дэндүү ихээр хайрладаг мундаг удирдагч нар байлаа. Дээр үеийн дарга нар ер нь тиймэрхүү байсан шүү. Хүнээ маш их хайрлана. Байлдагч байхдаа Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдсан одоогийн хэллэгээр бол идэвхтэн ухуулагч нарын чуулга уулзалтад оролцож 25-ын сумтай үзгээр шагнуулж байлаа. Тухайн үедээ заставынхандаа, манааны нөхдөдөө ухуулга сурталчилгааны ажлыг л хариуцан зохион байгуулдаг байсан юм. Үүний дараа удалгүй ангидаа ахлагчаар улирсан. Ахлагчаар улираад Улаанбаатар хотод Хилийн 0119 дүгээр ангид зэвсэг химийн мастерийн курс төгссөн. Дорнодын хилд таван жил алба хаагаад Улаанбаатар хот руу Хилийн 0119 дүгээр ангид ахлагч хариуцсан ротын орлогчоор томилогдсон хэдий ч тэнд би нэг сарын хугацаатай ажилласан. Ингээд 1979 он болж Булган аймгийн Тэшиг суманд хилийн дэглэм сахиулах пост байгуулагдахад томилогдон ирсэн. Энэ цагаас Тэшиг сумын иргэн болчихсон өдгөө хүртэл сайн сайхан амьдарч байна.
-1979 оны пост эдүгээ хилийн анги болон өргөжиж улсын хил хамгаалалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайн үеийн постын хилчид хил хамгаалалтыг хэрхэн явуулж байсан тухай ярьж өгөөч?
-Постын анхны дарга Г.Аюулгүй гэж хүн байлаа. Г.Аюулгүй бид хоёр нэг нутгийнх. Ингээд Г.Аюулгүй даргын шалгагч ахлагчаар томилогдон ирсэн. Постын жолооч нь О.Бүрэнтөгс гэж байлаа. Нэг Газ-66 машинтай. Ахлагчаар нь А.Эрдэнэчимэг, Д.Сурмаажав бид гурав байлаа. Ийм л таван хүн анх постыг бүрдүүлсэн. Хилд нэг явахаараа хамгийн багадаа 15 хоног явна. Ингэж хилд явахад хил хамгаалалтад туслах бригадынхан гэж мундаг том хүч байлаа. Тэд хилчдэд маш их тусална. Хилчид уналга муутай. Өртөөнөөс зургаан төгрөгөөр морь хөлсөлж манаандаа явах үе ч байсан. Тэгэхэд туслах бригадынхан буюу нутгийн иргэд морь мал их бэлэглэсэн дээ.
-Холбоо харилцаагүй 15-20 хоногоор хилийн манаанд явахаар ар амьдрал яах билээ. Ер нь хэцүү цаг үе байсан уу?
-Цаг үеийн тухайд тийм. Гэвч хилчид хилийн албаа хэзээ ч хэцүү гэж шантарч байгаагүй. Мэдээж ар гэрийн амьдрал хаягдана. Гэрийн эзэн юм болохоор яг мордохын өмнө эргээд ирэхэд энэ хэд минь түвшин сайхан байж байгаасай гэсэн бодол төрөлгүй яахав. Нэг яваад ирэхэд хүүхэд халуураад эмнэлэгт хэвтчихсэн эсвэл ойр дотны хэн нэгэн бурхан болчихсон байх гэх мэт зүйлс хүний амьдрал л юм хойно тохиолдоно. Гэвч би болилоо, Хилийн цэргээ орхилоо гэх үг миний журмын нөхдийн амнаас гарч байгаагүй. Надад ч тийм бодол төрж байсангүй. Хилийн цэрэг ерөөсөө миний энэ насны амьдрал юм.
-Энэ үгийг л хэлүүлэх гэж асуусан хэрэг л дээ. Хүмүүсийн сэтгэл зүрхийг ингэтэл соронзон мэт татдаг эх орны хил хязгаарт тэр гэж хэлж боломгүй их далдын хүч оршин байдаг юм болов уу ч гэж боддог?
-Хилийн манаанд явах бүрт сэтгэл цаанаасаа цэлмээд ирдэг. Хилийн багана дээрээ очоод сэтгэл туйлгүй ихээр хөөрч догдолдог. Би өнгөрсөн жил хол ойроос ирсэн хамаатнуудаа аваад хилийн багана дээр очсон юм. Тэгэхэд тэр хүмүүс хилийн баганаас адис аваад үнсээд зарим нь уйлж байгаа харагдсан. Би өөрөө ч сэмхэн нулимс унагаж байлаа. Би ер нь нулимс султай хүн. Хааяа нэг зурагтаар манайхан /хилчид/ гарах юм. Хилчдийгээ харахаар нулимс гарчихна. Энэ мэтээр миний сэтгэл зүрхэнд хамгийн эрхэм дээд алба нь хил, хайртай хүмүүс минь хилчид юм.
-Булганы хилийн хэсэгт хамгийн олон хилийн зөрчил илрүүлсэн хүн нь та. Энэ тухайгаа яриач. Хамгийн их амь өрссөн ч гэмээр эсвэл танд ихийг бодогдуулсан ямар тохиолдол байв?
-Ажиллаж байх хугацаанд 17 удаагийн 50 гаруй хил зөрчигч барьсан байна. 1990 оны аравдугаар сарын 20-нд постын дарга, ахмад Батмөнх, ахлагч Баттөр нарын хамт хилээ шалгаж явтал мөр илэрсэн. Ингээд гурвуулаа ярилцаад би ганцаараа хил талаараа нөгөө хоёр нутгийн гүн талаараа мөр хөөхөөр болоод явсан юм. Гэтэл би нөгөө хэдтэй яг нүүр тулчихсан. Зэвсэгтэй арван хүн. Тэднийг отоглоод хөдлөх гэж байхад нь барьсан даа. Буунуудаа бүгдийг нь нэг дороо овоолоод тавьчихсан байсан. Хууль бусаар ан хийгээд явж байсан юм билээ. Ан агнаад хажуудаа тавьчихсан яг амарч байхад нь би дээрээс нь орчихсон хэрэг. Ингээд буугаа урдаа бариад анхааруулж хэд буудаад зэвсгийг нь бүгдийг нь хураачихсан. Хэрвээ тэд буунаасаа хол амарч хэвтээгүй бол юу болох байсныг таашгүй. Юу юугүй бүрий болчих гээд байдаг. Ашгүй нөгөө хоёр маань ч ирлээ. Ингээд гурвуулаа нийлж аваад бас гурвуулаа биш олуулаа явж байгаа болоод чанга чангаар өөр хүн дуудаж явсаар байрлалдаа авчирч байсан. Тэгэхэд надад олон ч зүйл бодогдсон. Өмнө нь бас хил зөрчигч илрүүлчихсэн, нүүр тулаад үзсэн л байсан. Гэхдээ би тэр үе шиг айж байснаа санадаггүй. Төрсөн дүү минь бурхан болоод 49 хоног нь гүйцээгүй ч үе. Ёстой төрийн минь сүлд, дөрвөн хүүхдийн минь заяа түшсэн байх. Хилчдэд нэг удаагийн сонор алдах ямар гэмтэйг бүгд мэднэ. Би олон удаагийн хилийн зөрчил илрүүлсэн боловч энэ удаагийнх шиг надад ихийг бодогдуулсан нь үгүй.
-Та бидний ярианы эхэнд дурдагдаад өнгөрсөн хилчин баатруудын тухай эргээд ярилцмаар байна. Одоо тэр хүмүүстэй нүүр тулж уулзаж үгийг нь сонсож явсан хүмүүс их цөөрч байна?
-Халх голын тойрон аялалыг зохион байгуулахад тэр бүрэлдэхүүнд нь багтаж явсан азтай хүн шүү. Тэгэхэд улсын баатар П.Чогдон, Н.Жамбаа, С.Төмөрбаатар явж байсан юм. Тэр баатрууд бол ерөөсөө л хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө, хилчин дайчдаа л ярина. Түүнээс биш тийм дайсныг тэгж хөнөөсөн гэдэг үг нэгнийх нь ч амнаас унахгүй. Ярианых нь бас нэг онцлог баатрууд хэзээ ч би гэж ярихгүй юм билээ. Бид л гэнэ. Бид ингэж тулалдсан, бид ялсан гэх юм билээ. Одоогийн залууст бодмоор л санагддаг. Би биш бид л байх ёстой. Баатруудтай нэг дор хамт алхаж явснаараа бахархдаг. Тэр тойрон аяллын гол зорилго нь одоогоор бол хилчдэд эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх, сэргээх л байсан юм. Баатрууд уулзалт хийж байгаа заставынхандаа хилчдэд энэ талаар л хэлж ярьж захиж байсан. Түүнээс биш ид халуун дайны тухай их цөөхөн үг ярьж байсан. Хамт явсан нөхдөө, мөр зэрэгцсэн хилчин андуудаа их ярих юм билээ.
-Хилчин болчихоод авсан хамгийн сайхан шагнал юу вэ?
-Хилчин шалгагчаараа ажиллаж байтал Монгол Улсын гавьяат нисгэгч Т.Сугар хурандаагаас “Онц хилчин” шагналаа авч байлаа. Намайг заставт шалгагч хийж байхад нисдэг тэргээр ирж гардуулсан. Тэгэхэд их баярлаж байсан шүү. Гэхдээ ажил хийж байхад үүнийг хийвэл би ингэж шагнуулна гэж бодсон удаа нэг ч байхгүй. Хийсэн бүтээснийг минь үнэллээ гэж баярлах сайхан. Тэгэхэд 40 гаруй хил зөрчигч барьчихаад байсан үе л дээ.
-Хилчдийн гэр бүл гэж давхар үүрэг хүлээсэн мэт хүмүүс байдаг. Гэр бүлээ танилцуулаач. Үр хүүхдээс нь удам залгах хилчин бий юу?
-Эхнэрийг маань Ч.Энхтуяа гэдэг. Багш мэргэжилтэй. Одоо тэтгэвэртээ суусан. Ах нь 32 настайдаа эхнэр авсан. Хөвсгөлийн Ханхад түр томилогддог юм. Тэгж байхдаа эхнэртэйгээ таарсан. Гэхдээ их сонин. Миний эхнэр Архангайн хүн. Бид нэг нутаг. Тэр тусмаа бүр багадаа надтай таарч байсан түүхтэй. Хүний хувь тавилан гэж сонин шүү. Цэрэгт мордохоосоо өмнө Архангайн ТМС-т сургагч багш нэртэй мужааны багшийн ажил түр хийж байлаа. Тэгэхэд манай эхнэр аавынхаа ахынд амьдарч байхад би эгчтэйгээ хамт нэг өрөөнд нь амьдардаг байсан юм. Нэг удаа унтаж байтал хөлийн ул гижигдээд байхаар нь эхнэрийн ахтай нь би найз байсан л даа, тэрийг л юм байх гэсэн харин Энхтуяа гижигдэж байсан. Тухайн үедээ бол долдугаар ангийн жоохон охин шүү дээ. Би их том хүн “хохь чинь шүү” гэж хэлээд л... Ингээд Ханхад яваад очтол өнөө жоохон охин тэнд байж байсан. Арай гэж “уургалж” авч эхнэрээ болгосон доо. Сайн ханийн буянд ах нь сэтгэл тайван үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн гэж боддог. Хилчдэд албан үүргээ гүйцэтгэхэд гэр бүлийн уур амьсгал маш чухал байдаг. Манайх хоёр хүү, хоёр охинтой. Би хүүхдүүдээ хилчин болгохсон гэж бодсон ч хэн нь болсонгүй. Үүнийг би өөртэйгөө холбож боддог юм. Би одоо л ач зээгээ эрхлүүлээд байхаас биш өөрийнхөө хүүхдүүдийг эрхлүүлж байгаагүй. Тийм ч зав байгаагүй юм. Тэгээд хүүхдүүд минь бодсон ч биз. Энэ хилчин хүн чинь ер нь гэрт орох завгүй хүн байна гэдэг ойлголт авсан байж магадгүй. Хэн нь ч хилчин болсонгүй. Одоо харин ач зээгээсээ бас хүлээгээд байгаа юм.
-Гэртээ сууж байгаа ахмад хилчний хувьд залуу үе бидэндээ ямар “дүн” өгч байдаг юм бол. Бас захиж хэлэх үгээр тань ярилцлагаа өндөрлөе.
-Бүрээ татаад л дуут дохио дуугарах бүрт сэтгэл гэгэлзэнэ шүү. Эд нар маань яагаад бужигначихав, юу болов гэдэг бодол огт салахгүй. Ангид нэг үйл явдал болно гэхээр дуудах болов уу гэсэн хүлээлт ч байх шиг. Залуустаа хандаж хэлэхэд залхуурлаас л хол байгаарай гэж захимаар байна. Одоо бүх юм бэлэн болжээ. Хэт бэлэнчлэх сэтгэлгээ суучихвал залууст хөгжил гэж байхгүй болно. Толгой ажиллахаа байна. Хилдээ үнэнч байх хэрэгтэй. Хил хамгаална гэдэг өндөр хувь заяа шүү. Энэ хувь заяандаа эзэн шиг эзэн байх хэрэгтэй.