Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ
-“Монгол эх орны хилээс” хөгжмийн шинэ бүтээл гарчээ. Бүтээлийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Би энэ мэргэжилтэй холбогдоод 42 жил болжээ. Хугацаат цэргийн алба хаагч байхдаа “Хайраар тэтгэсэн орчлон” гэх анхны дууны уран бүтээлээ хийсэн байдаг. Түүнээс хойш хийгдсэн уран бүтээлийнхээ тоог хараахан гаргаагүй байна. Дуулаачийн бүтээл гэхэд 200 гаруйг хийсэн байдаг. “Монгол эх орны хилээс” номонд орсон 50 бүтээл нь мэргэжлийн хэмжээнд бичигдсэн. Учир нь төгөлдөр хуурын зохиолтой, найрал дууных нь ноттой бичсэн. Төрөл жанарын хувьд энгийн дуунаас эхлээд магтуу хүртэлх бүх төрлийн бүтээлийг багтаасан.
-Номонд орсон 50 бүтээлийг хэрхэн сонгосон бэ?
-Хамгийн ойр байсан 50 бүтээлээ оруулсан. Тусгай шалгуур тавьсангүй. Дарамж /клавир/ буюу төгөлдөр хуурын зохиол нь бичигдсэн бүтээлээ түүвэрлээд эмхэтгэсэн байгаа.
-Яг ийм мэргэжлийн түвшинд цогц бичигдсэн ном бий юу?
-Сүүлийн үед бол яг ийм ном гараагүй. Багш нарын минь бичсэн ном бол байлгүй яахав.
-“Монгол эх орны хилээс” номын онцлог?
-Найрал дууны бүтээл түлхүү орсон нь онцлог. Нэг үгээр 40 хүн зогсоод хоороор дуулах боломжтой гэсэн үг. Нот хараад хөгжмийг нь тоглоход аялгуу нь төгс сонсогдох учиртай.
-Номоо хэр хугацаанд бүтээв?
-Улс орон даяар коронавирусийн тархалтаас болоод хөл хорио тогтоосон энэ цаг хугацааг ашиглан бичиж дууслаа. Нэг сар бичсэн гэх үү дээ. Энэ жил Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын 80 жилийн ой, миний суралцаж төгссөн СУИС-ийн 30 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс ойдоо зориулж бэлэг барих давхар санаа байлаа.
-“Монгол эх орны хилээс” номын мялаалга үгийг маш олон хүн бичсэн байна?
-Би өөрийн багш Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров багш дээрээ очоод номоо үзүүлэн мялаалга үг бичүүлэх санал тавьсан юм. Багш ч номыг минь үзээд зөвшөөрсөн. Харин Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт П.Бадарч, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун, МУСТА, дууны яруу найрагч С.Оюунчимэг, МУСТА, хөгжмийн зохиолч, удирдаач хошууч Н.Даваасүрэн нар өөрсдөө сэтгэл гаргаад бичиж өгсөн.
-Энэ ном СУИС-д суралцаж буй оюутнуудад гарын авлага болох нь ээ?
-Н.Жанцанноров багш маань “Энэ удаагийн цомирлогт орсон бүтээлүүдийн дарамж /клавир/ маш сайн мэргэжлийн түвшинд боловсруулагдсан тул сурах, судлахад тун чухал хэрэглэгдэхүүн болжээ” гэж дүгнэн бичсэн. Одоогоор СУИС, Улсын төв номын сан “Монгол эх орны хилээс” номыг авахаар ярьж байна. Мөн өөрийн төрсөн нутаг болох Булган аймгийнхаа музей, архив, номын сан, театрт өгч байгаа. Миний бүтээлийн гол сэдэв эх орон, хил, хилчид байдаг. Тиймээс хилийн сэдэвтэй эдгээр бүтээлээ хилийн анги, салбартаа хүргэх зорилготой.
-Номоо яагаад “Монгол эх орны хилээс” гэж нэрлэв?
-“Монгол” дууны үгийг Хилийн 0214 дүгээр ангийн ахмад хилчин Д.Болд бичсэн юм. Энэ дууг “Voice” хамтлаг дуулж олны хүртээл болгосон. Харин 26 жилийн өмнө зохиогдсон “Эх орны хилээс” дуу 1994 онд улсын хэмжээнд болсон хөгжмийн зохиолчдын уралдаанд хоёрдугаар байрт шалгарч байлаа. Ингээд номоо “Монгол эх орны хилээс” гэж нэрийдсэн. Номонд орсон бүтээлүүд эх орны, хилийн тухай учир энэ нэр нь илүү зохимжтой гэж үзсэн.
-Уран бүтээлч хүнтэй уулзсан учир дараагийн бүтээлийн төлөвлөгөөг асуумаар байна?
-Би удирдаач хүн. Тиймээс мэргэжлийнхээ хүрээнд дан хөгжмийн бүтээл рүү оръё гэж бодож байна. Найрал хөгжимтэй, морин хуур, шанзны гоцлолтой мэргэжлийн бүтээл хийнэ гэж бодож байгаа. Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай “Хилийн овооны нууц” номынхоо нээлтэн дээр намайг дуурь юм уу, жүжгийн бүтээл бичиж өгөөч гэх хүсэлт тавьсан. Тэр ажил руу орохоор төлөвлөж байна. Хэрвээ хөгжмийн зохиолчоор төгссөн бол эргэлзэлгүй дуурь бичих байлаа.