Дэслэгч М.Уранбайгаль
Хилийн 0286 дугаар ангид ажиллах томилолтын хугацаа тун давчуу учир сурвалжлах бүлгийн бүрэлдэхүүн өглөө эртлэн хүрэх газрын холыг сонгон хилийн 0300 дугаар салбарыг зорив. Бидний хөлөглөсөн тусгай томилгоот бүлгийн машин даваа нугачаа, шавар усыг зүсэн торох саадгүй хилийн салбарт хүрсэн юм. Салбарын бүрэлдэхүүн бэлэн жагсаж, хилчин бүсгүйчүүд хадаг сүүтэй угтав. Хилийн 0300 дугаар салбарын захирагчаар дэслэгч М.Манлай ажилладаг. Тэрбээр хугацаат цэргийн албыг Хилийн 0132 дугаар ангид хааж, Хилийн 0129 дүгээр ангид гэрээт хилчнээр үүрэг гүйцэтгээд 2017 онд ДХИС-ийг төгссөн залуу боловсон хүчин. Тус салбарынхан 2020 онд хариуцсан хэсгээрээ гарсан гурван удаагийн хил орчмын дэглэмийн зөрчлийг илрүүлэн ажиллажээ. Булган хангайн хишгийг буруу замаар хүртэхийг санаархсан иргэдтэй хилчид өдөр шөнөгүй хөөцөлдөнө. Хилийн бүс, зурваст нутгийн иргэд болоод Сэлэнгэ аймгийн иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч хулгайн ан хийх, бугын эвэр түүх, байгалийн баялаг ашиглахаар хил орчмын дэглэмийн зөрчил гаргадаг байна. Хилчид тэднийг биеийн хүч, тусгай хэрэгсэл ашиглан баривчилжээ. Хил хамгаалах үүргээ ийнхүү нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ ажиллаж, амьдрах орчин нөхцлөө давхар сайжруулахаар төлөвлөжээ. Тэд энэ сардаа багтаан албаны орон сууц, хүүхдийн тоглоомын талбай, зочид буудлаа засахаар бэлтгэж байгаа гэнэ. Мөн хүнсний агуулахаа Хилийн 0168 дугаар ангийнх шиг бүтэц, зохион байгуулалттай болгохоор төлөвлөн зургийг нь гаргаж, шаардлагатай материал хэрэгслийнхээ тооцоог гаргасан байна. Салбарын захирагч, дэслэгч М.Манлай, “Удирдлагаас хилчдийгээ дэмжиж 25 нэр төрлийн хүнсээр хангаж байхад бид өгсөн хүнсийг нь шалан дээрээ өрөөд, хулганы хоол болгож болохгүй шүү дээ” хэмээн ярьсан юм. Энэ зөв бодол. Өнгөрснөө шинэчилж, өмнөхөө өөд татаж байж шинэчлэл рүү урагшилна шүү дээ. Салбарын хилчид Хил хамгаалах байгууллагын хэмжээнд зарласан сахилгын аянд талархалтайгаар оролцож байна. Тэд сахилгын талон гаргажээ. Хэрвээ сахилгын зөрчил гаргавал талоныг нь цоолж сарын ажлын дүнгээс нь таван оноо хасах зарчимтай. Тиймээс хилчид захирах, захирагдах ёсыг ягштал мөрдөж, цэргийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. Салбарын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч О.Баасанжаргал Арын сайхан хангай нутгийн хүү. Тэрбээр багадаа “Цэрэг эрс” киног үзсэн даруйдаа цэргийн хүн болохоор шийджээ. Ингээд 2013 онд Хилийн 0164 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагаад улмаар ОХУ-ын Курган хотын Хилийн цэргийн сургуулийг гүйцэтгэх ажлын чиглэлээр суралцаж төгссөн байна. Харин сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч, дэслэгч А.Алтангэрэл бүрэлдэхүүнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр долоо хоногт нэг ном аяныг зарласан байв. Нийт бүрэлдэхүүн чиглэл харгалзахгүй сонирхсон номоо уншиж, бусаддаа ярьж өгөх аж. Номтой нөхөрлөх аяны салхийг салбарын дарга хагалж “Хүлэмж”, “Хил зөрчигч илэрсэн үеийн хилийн заставын ажиллагаа” номыг уншиж судлан хилчидтэйгээ хуваалцсан байна. Яагаад алба үйл ажиллагаанд огтоос хамаагүй “Хүлэмж” номыг сонгон унших болсныг лавлатал ангиас 6х5 метрийн хэмжээтэй хүлэмж өгсөн тул хилчид ногоо тариалахаар зэхжээ. Тэд нэг га талбайд төмс, хүнсний ногоо тариалахаас гадна хүлэмжиндээ тарвас, өргөст хэмх, улаан лооль, цэцэгт байцаа тарихаар болсон байна. Ногооны талбайн агрономичоор дэслэгч М.Манлай, ахлах ахлагч О.Сундуй нар ажиллах гэнэ. Ахлах ахлагч О.Сундуйгийн хувьд сумын сайн ногоочноор шалгарч байсан удаатай. Дашрамд сонирхуулахад ахлах ахлагч О.Сундуй бид хоёр эртний танилууд. Саяхан тэрбээр хил орчмын дэглэмийн ээлжит зөрчлөө илрүүлээд сошиалд мандсан залуу. 2012 онд О.Сундуйг тус ангид гэрээт хилчнээр алба хааж байхад нь танилцаж, ярилцлага авч байсан юм. Хүндэт харуулын ангид алба хаагаад хилд ирж гэрээт болсон О.Сундуй өдгөө мэргэжлийн хилчин ахлагч болсон байна. Тэрбээр гарын ур дүйтэй. Модоор сийлбэр хийж, шавраар баримал хийнэ. Анги, салбартаа өөрийн гараар маш олон зүйл хийж өгчээ. 2012 онд бид уулзах үед миний зорилго мэргэшсэн хилчин болох хэмээн ярьж байсан О.Сундуй тоолж барамгүй хилийн зөрчил илрүүлчихсэн, хөөрхөн хүү, охин хоёртой болчихсон суугааг харах сайхан байлаа. Энэ удаад би түүнээс дараагийн зорилго юу болохыг асуухад “Төрсөн нутгийнхаа хилийг хамгаалаад эндээ ажиллана. Илүүд шунах зүйл алга. Хүн хүсэл мөрөөдөлтэй, ажил албандаа чин сэтгэлээсээ хандахад амьдрал шагнадаг юм байна. Би хилээ манаад явж байхдаа юу юунаас илүү жаргалтай байдаг. Өнгөрсөн гурван жил манай нутагт самар гарсангүй. Энэ жил самар гарна. Тиймээс илүү сэрэмжтэй байхгүй бол байгалийн баялаг ашиглахыг санаархсан иргэд хил орчмын дэглэмийн зөрчил гаргаж болзошгүй” хэмээн өгүүлсэн юм.
Харин салбарын бүсгүйчүүдийн хувьд тас тас хөхрөөд ажлыг ёстой нугалж өгч байна билээ. Ахлах холбоочин, ахлах ахлагч Л.Гэрэлтогтох, туслах холбоочин Г.Шинэцэцэг, Э.Эрдэнэцэцэг, ариун цэврийн зааварлагч Б.Анхцэцэг, Б.Оюунчимэг, Г.Мөнх-Эрдэнэ, Б.Булган, Г.Сувдаа, Э.Содзаяа гээд хээрийн цэцэг шиг хилчин бүсгүйчүүд биднийг угтсан. Тэд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс явуулсан нарийн боов, нүүр будалт, маникюрын сургалтад хамрагджээ. Тиймээс сурсан эрдмээрээ ээлжлэн сургалт ордог байна. Хамтдаа хөгжиж, хамтдаа суралцаж яваа салбарынхан гэж тэднийг хэлнэ. Хилийн салбарын цомхон амьдралд ганцаарчилсан тоглолт байдаггүй. Хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа зүтгэнэ. Нэгэн зорилгын доор хамтдаа урагшилж буй Хилийн 0300 дугаар салбарт хэсэгхэн зуур саатаад дараагийн салбарыг зорьсон юм.
Сайхан бүсгүй Сүнжээ
Хилийн 0300 дугаар салбарын бод малын сууриар оров. Малын суурийн ахлагчаар ахлах ахлагч Э.Алтанчулуун ажилладаг. Гэргий А.Сүнжидмаа суурийн саальчин. Манай хоёр шинэ төлөө хүлээж аваад тун завгүй суусан юм.
Тэдний хотонд хоёр ихэр тугал мэндэлсэнд ихэд билэгшээж байв. Ахлах ахлагч Э.Алтанчулуун, саальчин А.Сүнжидмаа хоёр хөдөө амьдарч байгаа гэхэд хотын биднийг ичээж орхив. Үүдэндээ дэвссэн хөлийн гишгүүр, хоймортоо тавьсан хивс нь цэв цэвэрхэн байсан тул шороотой гутлаараа гишгэж үл зүрхэлнэ. Тэднийх гэрээ их сайхан тохижуулжээ. Гэрийн хойморт арслантай эрээн авдар, малчин хөргөгч тавьж, DDISH телевиз үзнэ. Харин ширээн дээр шинэхэн нойтон өрөм, халуун талх, амттай боорцог таваглан тавьсан байв. Биднийг шинэ өрөм, халуун талх руу хошуурах зуурт гэрийн эзэгтэй шалмаг гэгч нь жигнэсэн гурилтай шөл гал дээр пор хийлгэчихнэ тэр. Амттай хоол, аагтай цайгаар дайлуулж авсан манай бүлгийнхэн нүдээрээ инээмсэглэсэн Сүнжээдээ талархсан сэтгэлээ илэрхийлээд хүлгийн жолооч цааш залсан юм.
Хилийн салбарын тэргүүлэгч гишүүн
Хилийн 0300 дугаар салбарт сэтгүүлчид ирсэн сургаар Хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Х.Гантулга ах хүрэлцэн иржээ. Яг хүүхэд шиг хашааны гаднаас биднийг хэрхэн зураг авч, бичлэг хийхийг ажина. Хил дээр тэр бүр сэтгүүлчид ирээд байх биш сонирхолтой санагдах нь аргагүй биз. Үйл явдлыг хөндлөнгөөс ажиглан зогссон ахтай танилцах хүсэлт тавихад цааргалсангүй.
Тус салбар ХХТХ-ний долоон гишүүнтэй. Тэд байршлаараа хил хамгаалалтад оролцож, хилчидтэйгээ байнга хамтран ажилладаг байна. Х.Гантулга ахынх салбараас урагш таван км-т зусдаг. Зүс үл таних машин хилийн салбарыг чиглэн явж байхыг хараад хилчдээсээ лавлан асуутал “Эх орны манаа” сонины сэтгүүлчид гэдгийг сонсоод ирсэн гэв. Тэрбээр 1999 онд Хилийн 0101 дүгээр ангид хугацаат цэргийн албыг хаасан цагаасаа “Эх орны манаа” сонинг шимтэн уншигч нэгэн болжээ. Нэгэн үе мөрдэс зүүж, тангараг өргөж хилээ манаж зогссон тул хилчдийнхээ албыг тун сайн ойлгоно. Цэргээс халагдаад нутагтаа амьдрахын зэрэгцээ 2017 онд туслах хүчний гишүүн болж дахин хилээ хамгаалж эхэлсэн байна. Түүний хувьд туслах хүчний гишүүнээр ч болов хилээ эргэн хамгаалж байгаадаа баяртай явдаг гэсэн. Өнгөрсөн жил салбарынхаа “Тэргүүний хил хамгаалалтад туслах хүчний гишүүн” болсон аж. Тиймээс хилчдийнхээ хүлээлгэсэн итгэлийг алдалгүй ажиллаж, хил хамгаалах үйлсэд өөрийн чадах бүх зүйлээрээ тус дэм болохоо илэрхийлсэн юм.